loader

“ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ололт, амжилт, учирч буй хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран хэлэлцэх, санал дэвшүүлэх, зөвлөмж боловсруулах зорилготой “Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр /2023.06.22/ эхэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, Салбарын эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдаж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээний үр нөлөөг сайжруулах, шийдвэр гүйцэтгэгчдийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр цаашид албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, төрөл, арга хэрэгслийг боловсронгуй болгож, алба хаагчдын ачааллыг бууруулах, ажлын цагийг үр ашигтай зарцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг дараагийн шатанд гаргах боломжийг эрэлхийлнэ хэмээв.
“Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ий нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар оролцож, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэндчилгээг хүргэлээ. Түүнчлэн нээлтэд Олон улсын шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны ерөнхийлөгч Марк Швиц цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Гурван жил тутам зохион байгуулдаг энэхүү зөвлөгөөнд улсын хэмжээнд иргэн, захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ажиллаж буй 300 орчим шийдвэр гүйцэтгэгч оролцож байгаа юм.
Зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шинжлэх ухааны академи, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанкны төлөөлөл оролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэтгэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, Монгол Улсын мөнгө, санхүүгийн нөхцөл байдлын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
Энэ удаагийн зөвлөгөөн Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулагдах хугацаанд зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.
Дээрх хуулийн төсөлд тусгагдах эрх зүйн зохицуулалт, онцлогийг нийт шийдвэр гүйцэтгэгчид хэлэлцэх бөгөөд хамтран ажилладаг байгууллагууд, эрдэмтэн судлаач нарын судалгаа, сургалт, мэдээллийг сонсож, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.
Зөвлөгөөний нээлтийн үеэр хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар тус тус шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд