loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ардын намын төв хороо болон Түр засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаар Шүүх яам байгуулагдахад тус яамны ерөнхий хэлтэст “Гяндан хороо” нэршилтэйгээр байгуулагдсан тусгай чиг үүрэг бүхий Төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг юм.

Тус байгууллага нь түүхт 101 жилийн хугацаанд эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн билээ.

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн хугацаанд хэрхэн нэрлэгдэж ирснийг танилцуулъя.

1921 оноос “Гяндан хороо”, 1936 оноос Улсын төв засан сайжруулах газар”, 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерь, хорих ангиудыг удирдах газар”, 1956 оноос Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс”, 1963 оноос Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар”, 1981 оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар”, 1992 оноос “Хорих байгууллагуудыг удирдахгазар”, 1996 оны 12 дугаар сараас Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, 2002 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж тус тус нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяалал нь 1921 оноос Шүүх яаманд, 1936 оноос Дотоод явдлын Яаманд /хожмоо НАХЯ/, 1985 оноос НАХЯ-ны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт, 1991 оноос Монгол Улсын Хууль зүйн яамны эрхлэх ажлын хүрээнд харьяалагдан төрөөс хүлээлгэсэн онцгой, хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.

      Үүсэл хөгжлийн эхний жилүүдэд хувьсгалт засгийн хууль, журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд оноосон хорих ялыг эдлүүлэх төрийн албадлагыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн явц, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн болон төрийн албаны шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ өөрчлөгдөж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болтлоо өргөжин бэхжээд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд