loader

“100 САЯ МОД ТАРИХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч-Ерөнхий инженер Т.Батмөнх нар 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ.
Энэ хүрээнд хорих анги, байгууллага, нэгжүүдийг Говийн болон Хангайн бүсэд мод тарьж, ургуулах, арчлах, хашаа, хамгаалалт барих, ойн зурвас байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр мод тарьж, ургуулах, арчлах чиглэлээр алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулахаас гадна хүмүүжигчдэд хөдөлмөрийн чиг баримжаа олгох, нийгэм болон аж ахуй нэгж, иргэнд учруулсан хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлэх юм.
Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих анги нь хамтран ажиллах гэрээ байгуулж, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт үрээр болон суулгацаар 2,126,872 ширхэг мод бут тарьсан бөгөөд 3,000,000 ширхэгийг мөчрийн тайраадас бэлтгэсэн зэрэг олон ажлыг амжилттай хамтран зохион байгуулсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлөх юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд