loader

ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс Улсын ерөнхий Прокурорын газрын ял эдлүүлэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн 9 дүүргийн прокурорын газартай хамтран хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтийн талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

            Зөвлөгөөнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодном, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс, Улсын ерөнхий прокурорын газраас хяналтын прокурор Т.Амарзаяа болон нийслэл, дүүргүүдийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорууд, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагчид оролцлоо.

            Тус зөвлөгөөнд “Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихад анхаарах асуудал” сэдвээр нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэл, “Тэнсэх, албадлагын арга хэмжээний чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, “Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээний хэрэгжилт, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал” сэдвээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Амарзаяа 2021 онд прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаашид анхаарах асуудлыг талаар танилцуулав.

Үүний дараа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж байгаа хууль, эрх зүйн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар зөвшилцөж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодном нийслэл, дүүргийн прокурорууд болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагчдад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өглөө.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд