loader

Хурандаа Б.Нямгомбо: Тэргүүнээр шалгарсан нь манай хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм

Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны “ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль, “ТЭРГҮҮНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН”-аар тус сургуулийн захирал, хурандаа Б.Нямгомбо шалгарсан юм.

-Эрхэм хурандаагийн амрыг эрье. Энэ жил таны болон танай хамт олны хувьд ололт амжилт дүүрэн он байлаа. Тэргүүний хамт олон, Тэргүүний удирдах албан тушаалтан болсонд тань баяр хүргэе.

-Тийм ээ. Маш сайхан жил байлаа. Миний хувьд практик байгууллагад төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж, ахлах төлөөлөгч, цагдан хорих байрны дарга, хорих ангийн дэд дарга, ангийн дарга, ерөнхий газрын тасаг, хэлтэс, газрын дарга хүртлээ ажиллаж байгаад төрөлх сургуульдаа ирж ажиллах болсондоо маш их бэлгэшээдэг юм. Эрдэм оюуны гэгээн элч болсон энергитэй, ажил, амьдрал инээд хөөр бялхсан газар даа. Энд эрдэм шинжилгээний хурал болж байхад  тэнд спортын  уралдаан тэмцээн, нөгөө танхимд урлагийн наадам, уулзалт ярилцлага гээд аргагүй л ажил хөдөлмөр ундарсан эрч хүчийн их талбарт ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Ийм учраас хүнд маш их зүйл сургаж, хөгжих боломж олгодог байгууллага. Энэ сайхан эрч хүч, энерги шингэсэн газар үндсэн ажил үүргийнхээ зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажилд хичээн зүтгэж, Хууль зүйн доктороо хамгааллаа. Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль энэ олон сургууль бүтцийн нэгжээс шалгарч, тэргүүний сургууль болсонд маш их баяртай байна. Хамт олныхоо хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөрөөр би тэргүүний удирдагчаар шалгарлаа. Энэ бол манай сургуулийн эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдын хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож, баяртай байна.

-Танай хамт олны энэ онд хийж бүтээсэн онцлог амжилт юу байв?

-Хамт олон гэдэг үргэлж нэг зорилготой байхыг хэлдэг гэж би ойлгодог. Тийм ч учраас  манай хамт олон энэ жил нэг цул хамт олон болж ажиллах уриа дэвшүүлж, олон ажлын ард гарлаа. Иймээс ч бидний  дэвшүүлсэн  зорилго, ажлын биелэлт  99,1 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь хамтын хүч гэж бодож байна. 2021 он Дотоод хэргийн их сургуулийн хувьд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 21001:2018 Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлж, ажил, амжилт ундарсан бүтээлийн он байсан. Манай сургуулийн хамт олон  энэ үйл ажиллагааны хүрээнд 5S зарчмын дагуу ялган ангилах, байрлал, дараалал тогтоох, цэвэрлэн өнгөлөх ажлыг хийж хэвшин, стандартжуулах, зуршил болгох ажлыг хэвшүүлэхээр ажилласан нь их үр дүнтэй байлаа.

   Тэнхим бүр кайзен буюу бүтээлч ажлын хүрээнд тус бүр нэг шинэ ажил санаачлан хоорондоо танилцуулж нэвтрүүлсэн. Тухайлбал, Аюулгүй байдал, харуул хамгаалалтын тэнхим 2021-2022 оны хичээлийн жилийн эхнээс бүх хичээлээ QR кодтой болгон сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. QR код нь орон зай, цаг хугацаа, интернет орчноос үл хамааран сонсогч, суралцагчид тухайн хичээлийг судлах, дахин судлах, гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар 47 нэгж хичээлийг бүрэн шилжүүлээд байна.

   Нийгэм, сэтгэл зүйн тэнхим хичээлийн хөтөлбөр цаг сэдвийн төлөвлөгөөнд нэмэлт баяжилт хийх бүртгэлийг гаргаж, ШШГЕГ-ын нийгэм сэтгэл зүйн хэлтэс, хорих анги шийдвэр гүйцэтгэх газрын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн сонсогч, суралцагчдад орж буй хичээлийн хөтөлбөр, цаг сэдвийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, практикт хөтлөгдөж буй бүх бүртгэл, судалгааг төгсөх дамжааны сонсогч суралцагч нараар хөтлүүлдэг болсон.

   Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим маань нийслэл, болон 21 аймагтай шууд холбогдох боломж бүхий сургалтын кабинетыг санаачлан бий болгож, хоригдогсдын цахим бүртгэл, шийдвэр гүйцэтгэгчдийн цахим бүртгэл, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны цахим бүртгэл, хяналтын системийн сургалтын цахим бүртгэлийн программыг нэвтрүүлж, сонсогч, суралцагч нарт зааж сургаж эхэлсэн гээд олон зүйл дурдаж болно. Энэ бүх хичээл зүтгэл бусад олон бүрэлдэхүүн сургуулиасаа шалгарч, “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН” болоход хувь нэмрээ оруулсан гэж бодож байна.

-Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хийсэн ажлаасаа дурдана уу?

-Их сургуулийн  үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр  бүтээлч ажиллах нь гол үүрэг чиглэл болдог. Он онд амжилттай ажилласан эрдэмтэн багш нар, судлаачдаараа бид бахархдаг. Энэ жилийн хувьд  цар тахлын халдварын тархалттай холбоотойгоор тодорхой хязгаарлалттай байсан ч олон улсын 2, улсын хэмжээний 2 эрдэм шинжилгээний хурал, нэг захиалгат судалгааны ажил, 4 захиалгат сургалт зохион байгуулж, 30 гаруй сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж, 40 гаруй илтгэл, өгүүлэл нийтлүүлж, ШШГЕГ-ын түүхт 100 жилийн түүхэн ном, 1 сэдэвт бүтээл 3, гарын авлага 2, нэг сургалтын кино хийсэн байна. Оросын Холбооны Улсын Ял эдлүүлэх албаны Эрх зүйн удирдлагын академийн Эрүүгийн эрх зүйн тэнхимтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Монгол Улс болон Оросын Холбооны Улсад Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл” эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулсан.

    Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академитай хамтран 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улс болон Оросын Холбооны Улсад хохирогчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний цахим хурал,  ОХУ-ын Эрхүүгийн их сургуулиас зохион байгуулсан “Золотой след-2021”  олон улсын VIII кино наадамд манай багш, сонсогчид  монгол гэрт гарсан хулгайн гэмт хэргийг илрүүлэх арга зүйн талаар сэдэвчилсэн “Рашаант 18” кино бүтээж, наадмын  “Криминальные инсценировки” номинацид  тэргүүн байр эзэлсэн зэрэг багш нар өөрийгөө хөгжүүлэх, сонсогч, суралцагч нараа хөгжүүлэх гээд  ололт амжилт дүүрэн энэ оныг үдэж байна.

    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойг угтсан ажил,  Их сургуулийн хэмжээнд зохион байгуулсан урлаг спорт, олон нийтийн ажилд тухай бүрт нь санаачилгатай ажилласан, хичээж, бүтээсэн хамт олон, бие бүрэлдэхүүндээ 2022 ондоо  амжилтаа бататган илүү сайн ажиллахыг хүсье.  Их сургуулийнхаа Эрдмийн хамт олон Захирлын зөвлөлийн гишүүд, үргэлж хамтарч, дэмжиж тусалдаг бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийнхаа бие бүрэлдэхүүнд шинэ оны баярын мэнд дэвшүүлье.

Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд