loader

Генералуудад хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жилийн генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, "Монгол генерал төв"-тэй хамтран өнөөдөр /2018.04.27/ зохион байгууллаа.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд генералууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзан баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөсөн юм.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монголын Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нар оролцож, алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлэв.


Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн гарамгай  11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй.

Монгол улсын хэмжээнд нийт 181 генерал цолтон төрөн гарснаас 93 генерал өдгөө амьд сэрүүн, энх тунх байна. Эдгээр 93 генералаас 57 нь гавьяаныхаа амралтанд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 36 генерал нь Төрийн алба хашиж, ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.

Монгол Улсын генералуудаас Монгол Улсын Баатар - 6, гавьяат цолтон - 9, эрдмийн зэрэг цолтон - 38 төрөн гарсан бөгөөд энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд 8 хүн оролцжээ.

Хамгийн өндөр настай нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон хошууч генерал Т.Алтангэрэл өдгөө 100 насыг насалж байна. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хошууч генерал Т.Алтангэрэлд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.  

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд