loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Засгийн газрын 2022 оны 345дугаар
 тогтоолын хавсралт
 
 
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид “мөнгөн урамшуулал” гэх) олгоход энэ журмыг баримтална.
 
1.2.Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч энэ журамд заасан мөнгөн урамшуулал авах эрх нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүснэ.
 
Хоёр.Мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлага
 
2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч (цаашид “алба хаагч” гэх) аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн сумдад тасралтгүй 60 сар ажилласан бол түүнд таван жил тутам нэг удаа мөнгөн урамшуулал олгоно.
 
2.2.Сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аймгийн төв болон нийслэлд шилжин ажиллаж байгаад суманд эргэн томилогдсон бол өмнө нь ажиллаж байсан хугацааг нэмж тооцохгүй бөгөөд тухайн суманд томилогдсон өдрөөс эхлэн хугацааг шинээр тоолно.
 
2.3.Мөнгөн урамшууллыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тухайн суманд ажиллаж байгаад аймгийн төв болон нийслэлд, бусад байгууллагад шилжин ажилласан, халагдсан, тэтгэвэрт гарсан алба хаагчид олгохгүй.
 
Гурав.Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлох
 
3.1.Мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцох бөгөөд тасралтгүй ажилласан 60 сар гэж дараахь хугацааг ойлгоно:
 
      3.1.1.суманд томилогдсон цагаас шилжилт хөдөлгөөн хийлгүй 60 сар ажилласан хугацааг;
 
      3.1.2.сум хооронд шилжин ажилласан хугацааны нийлбэр нь 60 сар болсон.
 
3.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286.7-д заасан нэмэгдлийг энэ журмын 3.1-д заасан хугацаанд оруулан тооцохгүй.
 
3.3.Мөнгөн урамшууллын хэмжээ нь тухайн алба хаагчийн сүүлийн 60 сарын хугацаанд эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
 
Дөрөв.Мөнгөн урамшуулал олгох
 
4.1.Энэ журмын 2.1-д заасан шаардлага хангасан алба хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ өөрийн ажиллаж байгаа байгууллагын удирдах албан тушаалтанд бичгээр гаргана.
 
4.2.Энэ журмын 4.1-д заасан удирдах албан тушаалтан алба хаагчийн хүсэлтийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагад дараахь баримтын хамт хүргүүлнэ:
 
      4.2.1.тухайн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;
 
      4.2.2.сүүлийн 60 сард эрхэлж байсан албан тушаалын цалингийн тодорхойлолт;
 
      4.2.3.шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг.
 
4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага тухайн алба хаагчийн ажилласан хугацаа, албан тушаалын сарын үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
 
4.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага энэ журмын 4.2-т заасны дагуу ирүүлсэн баримт, бичгийг хянаж, баримт бичгийг хүлээн авснаас хойш       30 хоногт багтаан мөнгөн урамшуулал олгох эсэх шийдвэрийг гаргана.
 
4.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг үндэслэн урамшууллын мөнгийг тухайн алба хаагчийн дансанд шилжүүлнэ.
 
4.6.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж, мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан алба хаагч нас барсан тохиолдолд мөнгөн урамшууллыг түүний гэр бүлд нь олгоно.
 
Тав.Бусад
 
5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшуулал авах шаардлага хангасан алба хаагчдын тоо, түүнд шаардагдах зардлын тооцоо, судалгааг жил бүр гарган хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
5.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас ирүүлсэн мөнгөн урамшуулал олгох алба хаагчдын тоо, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог үндэслэн дараа жилийн улсын төсөвт тусган батлуулах арга хэмжээ авна.
 
 
 
5.3.Албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалин болон ажилласан хугацааг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшууллыг хууль бусаар тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
---о0о---
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд