ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД “СҮЛД” БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООНЫ БӨХЧҮҮД АМЖИЛТТАЙ БАРИЛДАЖ, ЦОЛОО АХИУЛЛАА

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спорт хорооны бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын даян аварга, хурандаа Намсрайжавын Батсуурь 9 даван түрүүлж, “Улсын дархан аварга” боллоо.

Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон “Сүлд” биеийн тамир, спортын хорооны бөхчүүдээс Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин, дэслэгч Доржхандын Хүдэрбулга 7 давж, “Улсын заан” цол; 

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин, дэслэгч Эрдэнэбилэгийн Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн хурц арслан, ахлах ахлагч Тогтохмэндийн Сайханжаргал нар тус тус 6 давж, “Улсын харцага” цол;

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан, ахлагч Эрдэнэхүүгийн Мөнхжаргал 5 давж, “Улсын начин” цол хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen