Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчид, ахмад настнуудтай өнөөдөр (2024.06.21) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр байгууллагын бодлого, чиглэлийг танилцуулж хэлсэн үгэндээ байгууллагын үнэт зүйл болсон алба хаагчдынхаа эрхийг хамгаалж, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэхээр шийдвэрлэснийг танилцууллаа.
Цаашид нийслэлээс алслагдсан аймаг, сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад 5 жил тутамд урамшуулал олгох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангах олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаа цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ахмад ажилтнуудаа дэмжих, нийгмийн баталгааг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлогын чухал хэсэг байна гэдгийг онцоллоо. Энэ хүрээнд 435 дугаар хаалттай хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ш.Шижирбаатар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Д.Эрдэнэ нарт өргөө цагаан гэр гардууллаа.
Алба хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид тус бүр 5, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 3 ширхэг иж бүрэн суурин комьпютер өгснөөс гадна эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, зарим алба хаагч, тус байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон ахмад ажилтныг шагнаж, урамшууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд маргааш Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзана.