Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд хойд бүсийн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2024.06.20) Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 439 дүгээр хаалттай хорих анги, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж, алба хаагчид, ахмад настнуудтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр хийсэн мэдээлэлдээ удирдлагын зүгээс алба хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх болсныг танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон төр засгийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжүүлэн 2022-2023 онд 1.5 сая, 2024 онд 565 мянган мод тарьж ургуулан, арчлан хамгаалж байгаа талаарх мэдээллийг өгөв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ахмад настнуудыг дэмжиж, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ ч цохон тэмдэглэв. Энэ хүрээнд тус газрын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Ч.Саранцэцэг, 439 дүгээр хаалттай хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл ахмад Д.Ганзориг нарт өргөө цагаан гэр гардууллаа.
Мөн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 439 дүгээр хаалттай хорих анги, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус бүр 5 ширхэг иж бүрэн суурин компьютер хүлээлгэн өглөө.
Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, зарим алба хаагч, тус байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон зарим ахмад ажилтныг шагнаж, урамшууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд маргааш 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзана.