ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШШГГ-ЫН АЛБА ХААГЧИД, АХМАД АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдөр (2024.06.09) ажиллаж, алба хаагчид, ахмад настнуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр байгууллагын бодлого, чиглэлийг танилцуулж хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэт зүйл болсон алба хаагчдынхаа эрхийг хамгаалж, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 Энэ хүрээнд 2022-2023 онд офицер бүрэлдэхүүний цалингийн шатлал 1, ахлагч бүрэлдэхүүний цалингийн шатлал 2 шатаар нэмэгдсэн бол 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаар гаргуулсныг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн жил бүрийн 3 дугаар сард Ерөнхий газрын даргын нэрэмжит цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт авч, 1-3 дугаар зэргийн нэмэгдлийг цалингийн 5-15 хувь байхаар тогтоох саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэдгийг дурдлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон төр засгийн зүгээс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт бие бүрэлдэхүүн идэвх зүтгэл гарган ажиллаж байгааг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжүүлж, 2022-2023 онд 1.5  мод тарьж, 2024 оны эхний 5 сарын байдлаар 565 мянган мод тарьж ургуулан, арчлан хамгаалж байна. 

Энэ хүрээнд нийслэлийн хүрээний анги, байгууллага, салбар, нэгжийнг 900 алба хаагч 2024 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Таширын аманд 2500 мод тарьж, анги бүр төгөлтэй болсныг танилцууллаа.
Дээрх ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-тэй нягт уялдаж байгаа бөгөөд харьяа анги, байгууллага, салбар нэгжүүд “Ахлагчийн төгөл” байгуулж, байгал орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгааг цохон тэмдэглэлээ.

Цаашид нийслэлээс алслагдсан аймаг, сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад 5 жил тутамд урамшуулал олгох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангах олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, орон нутгийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид алслагдсан сум багт ажил үүргээ гүйцэтгэхэд автомашины хүрэлцээ дутмаг байдгаас шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсдэг зэргийг харгалзан тус газарт туулах чадвар сайтай автомашин олголоо.

Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус газрын нярав, дэд ахлагч У.Баярцэцэг, ахмад ажилтнуудыг дэмжих, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ё.Жавзандулам нарт өргөө цагаан гэр гардуулснаас гадна алба хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс тус газарт 6 ширхэг иж бүрэн суурин комьпютер өглөө.

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, зарим алба хаагч, тус байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон зарим ахмад ажилтныг шагнаж, урамшууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд маргааш Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай уулзана.

 

Бусад мэдээ

Add comment

reload, if the code cannot be seen