ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА 415 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ, СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНГ АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ГАЗАР, ШТН ТӨААТҮГ-ЫН АЛБА ХААГЧИД, АХМАД АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, ШТН төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын алба хаагчид, ахмад ажилтнуудтай уулзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.

Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор байгууллагын бодлогыг танилцуулж үг хэлэхдээ алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагч болон цэргийн гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Ууганбаяр нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа. 

Түүнчлэн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгснөөс гадна тус анги болон Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт тус бүр 5 ширхэг иж бүрэн суурин компьютер олголоо.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүдийн 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, ШТН төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажилласан албан томилолт амжилттай явагдаж дууслаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen