ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШШГГ-419 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН АЛБА ХААГЧИД, АХМАД НАСТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид, ахмад ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор байгууллагын бодлогыг танилцуулж үг хэлэхдээ алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах,  цалин, хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэсэн  юм.

Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагч болон цэргийн гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшуулав.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Лхагвасүрэн, ахлагч О.Анхбаяр нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа. 

Мөн Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид 8 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.

Уулзалтын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд тус  ангийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ үеэр  Соёмбо чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд маргааш Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид, ахмад ажилтнуудтай уулзана.

 

Add comment

reload, if the code cannot be seen