“НЭГ АЛБА ХААГЧ-НЭГ МОД” АЯНЫ ХҮРЭЭНД ТАШИРЫН АМАНД 2500 ШИРХЭГ НАВЧИТ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “100 сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2024 онд “Нэг алба хаагч-Нэг мод” аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Улаанбаатар хотын хүрээний хорих анги, байгууллага, салбар, нэгжийн бие бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таширын аманд 2500 ширхэг навчит мод тарилаа.

Мод тарих үйл ажиллагааны нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулна хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн алба хаагчдын тарьсан мод үндэслэн ургаж, үр хойчдоо цэнгэг агаар бэлэглэсэн, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн төгөл болно гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд 1 сая 555 мянга 385 ширхэг мод тарьж, ургуулсан бол 2024 он гарсаар 116 мянга 820 ширхэг мод тариад байна.

Мод тарьсан алба хаагчдын төлөөлөл хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлж байгаадаа баяртай байгаа сэтгэгдлээ хэлж байлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen