ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.04.08)-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт ажиллаж, хот болон орон нутгийн бүсийн алба хаагчидтай уулзан, зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэм хэмжээг хэтрүүлэхгүйгээр мөрдөж ажиллах учиртайг онцоллоо. Түүнчлэн Эрүүгийн  хууль тогтоомжид үе шаттай өөрчлөлт оруулж, хөнгөн гэмт хэргүүдэд аль болох хорих ял оногдуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зарчим баримталж байна. Төрийн бодлого нэг талдаа хатуу боловч нөгөө талдаа хүнлэг энэрэнгүй байх гэсэн хоёр зарчмыг хослуулж явах учиртай.  Эрүүгийн хууль тогтоомж дахь ялын бодлого, цагдан хорих үндэслэл, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, аль болох хорихгүйгээр хүнийг шалгах, гэм бурууг нь тогтоох бодлогыг хууль тогтоомжоор улам бүр шат ахиулан сайжруулж байгаа гэдгийг тодотгосон юм. 

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах гурван үндсэн чиглэлд алба хаагчдыг цаашдаа илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд, 

🔹 Нэгдүгээрт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. 2023 оны 11 дүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  хэлэлцэх явцад өнгөрсөн хугацаанд  төр, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд  учирсан хохирлыг төлөх шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 100  хувь барагдуулахаа  мэдэгдсэн.  Шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагыг төр  тавьж байгаа бол юуны түрүүнд төрд өөрт нь хамаатуулж гаргасан, хууль сахиулагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэдийг хохироосон,  үндэслэлгүй цагдан хорьсон, баривчилснаас үүдсэн хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Энэ дагуу Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас иргэнд учруулсан, шүүхийн шийдвэр нь  гарсан хохирлыг 100 хувь барагдууллаа.  

🔹 Хоёрдугаарт, Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бүхий л талаар нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж байгаа. Тиймээс томоохон мөнгөн дүнтэй хэргүүд дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хохироох, нэгэнт шүүхийн шийдвэр гарсан хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр  шийдвэр гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх ёстой. Бид бизнесийн эрх чөлөөг хаадаг, энэ эрх чөлөөгөө эдэлсэн хөрөнгө оруулагч, бизнесийнхнийг  давхар хохироодог байж таарахгүй. 

🔹 Гуравдугаарт,  Шүүхийн шийдвэр гарч хүүхдийн тэтгэмжээ авах учиртай 16 мянга 986 хүүхэд байна. Олон мянган хүүхдийн хууль ёсны эрх ашиг энд хөндөгдөж байна. Хүүхдийн тэтгэмж төлүүлэх шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тохиолдолд заавал төлүүлэх ёстой. Манай шүүхийн шийдвэрийнхэн энэ асуудалд анхаарч ажиллаад хүүхдийн тэтгэмж төлөлт 50 гаруй хувьтай болж өмнөхөөсөө тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ хүүхдийн тэтгэмж 100 хувь төлөгддөг байх ёстой шүү. Хэдийгээр мөнгөн дүнгийн хувьд хүүхдийн тэтгэмжийн дүн тоо бага боловч би “том” асуудал гэж үзэж байнга анхаарч ажиллана. Хүүхэдтэй холбоотой асуудлаар ерөнхийд нь хэлэхэд хүүхдийн зураг дэлгэх, нэр хүндэд халдах замаар гэмт хэрэгтэй тэмцэхгүй гэдэг бол сайдын хатуу бодлого гэдгийг би өмнө ч хэлж байсан. Нийгэм яаж ч шүүмжилж байсан миний хувьд нэг хүүхдийн ирээдүйн эрх ашиг гэдэг Монгол Улсын эрх ашиг гэж боддогоо дахин хэлмээр байна" гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ,  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл,  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа болон холбогдох газрын мэргэжилтний төлөөлөл уулзалтад оролцов.

 

Add comment

reload, if the code cannot be seen