“ШИНИЙГ САНААЧЛАГЧ-БҮТЭЭЛЧ АХЛАГЧ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ын үеэр дэлгэсэн “Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” үзэсгэлэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид оролцож, өөрсдийн ур ухаан, авьяас билгээ шингээсэн бүтээлүүдээ танилцууллаа.

 

   Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Х.Мөнхнасан хоригдол, хоригдогсдод зориулсан Мини хөтөч цахим төхөөрөмж бүтээсэн. Энэхүү төхөөрөмжөөс хоригдол, хоригдогсод зөвхөн өөрт хамааралтай лавлагаа мэдээлэл болон И-Монголиа систем дэх мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ. Уг төхөөрөмжийг бүтээснээр байгууллагын үйл ажиллагаа цахимжиж, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

   Мөн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Баттулга алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, ялтныг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор веб сайт зохион бүтээсэн. Тус сайт нь алба хаагчийг ялтан нэг бүртэй биечлэн холбогдож цаг алдахгүйгээр тухайн өдрийн бүртгэлийн мэдээлийг ялтанд мэдэгдэл хэлбэрээр шуурхай хүргэх юм. Ингэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бүрэн хангагдах нэг хүчин зүйл болох аж.

 

Add comment

reload, if the code cannot be seen