Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2024 оны жилийн эцсийн байдлаар товч мэдээлэхэд,
4.1. Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх арга хэмжээний хүрээнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.emongolia.mn цахим хуудаснаас Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэдийн лавлагааг авах боломжийг бүрдүүлсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, олон нийт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia системээр 2024 оны 11 дугаар сарын 25-ны байдлаар 252604 иргэн, үүнээс 8826 иргэн /англи хэлээр/, 8029 аж ахуйн нэгж лавлагаа авсан.
Тайлант хугацаанд хорих, анги байгууллагаас хорих ял эдлээд суллагдсан 13136 иргэдийн мэдээллийн санг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд шилжүүлж, тус лавлагаа, үйлчилгээг Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал /www.e-mongolia.mn/-д оруулсан бөгөөд нийт 160 иргэн, байгууллага үйлчилгээ авсан байна.
Мөн байгууллага, иргэний гаргасан өргөдөл, гомдлын мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах төвийн www.11-11.mn цахим хуудас, байгууллагын www.cd.gov.mn үндсэн цахим хуудсаар дамжуулан цахимаар авч шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
2024 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 160 иргэн хорих, анги байгууллагаас хорих ял эдлээд суллагдсан иргэний лавлагаа, үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн портал /www.e-mongolia.mn/-aac үйлчилгээ авсан.
Тайлант хугацаанд www.cd.gov.mn хаягаар нийт 190 өргөдөл, гомдол ирснээс 124 гомдол, 66 хүсэлт хүлээн авч, өргөдөл, гомдлын 173 буюу 91 хувийг шийдвэрлэж хариуг өгч, 23 буюу 8.9 хувь нь хяналтын шатандаа байна.
Нийт өргөдөл, гомдлын 5976 буюу 61.6 хувийг бичгээр, 132 буюу 1.3 хувийг утсаар, 1491 буюу 15.3 хувийг “Иргэд хүлээн авах хуваарь”-ийн дагуу биечлэн, 815 буюу 8.4 хувийг байгууллагын цахим хаягаар, 1287 буюу 13.2 хувийг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс дамжуулан хүлээн авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүлээн авсан нийт 9701 өргөдөл, гомдлын 1476 буюу 15.2 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар, 4960 буюу 51.1 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 3150 буюу 32.4 хувь нь хүний нөөц, сургалтын чиглэлээр, 115 буюу 1.1 хувь нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол байна.
2024 оны жилийн эцсийн байдлаар хүлээн авсан нийт өргөдөл гомдлын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
4.3. Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах арга хэмжээний хүрээнд:
Хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/167, А/233 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.
Хоригдлыг суллагдахад бэлтгэх зорилгоор 407, 409, 415, 437, 441, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өмнөговь, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Дорнод аймаг дахь ШШГГ болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын ШШГХ-т “Хоригдлыг суллахад бэлтгэх байр”-ийг барьж бэлтгэн тохижуулж, нийгмийн харилцаа, амьдралд гарахад бэлтгэх, дадлага олгох сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал суллагдахын өмнөх сургалтаар хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна нийгэмд хэрэглэгдэж буй техник технологийг /АТМ, ТҮЦ, ухаалаг утас, автобусны картыг хэрхэн ашиглах, “Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар/ танилцуулах үзүүлэн, загвар, гарын авлага, товхимлыг байршуулан сургалтад ашигласан.