ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 439 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Оюунбаяр, Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын техник хяналтын ажилтан, дэслэгч Н.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын хамгаалалтын ажилтан, ахлагч Ж.Амартүвшин нарт “Энхийн төлөө” медаль гардууллаа.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XIII ээлжийн бие бүрэлдэхүүн хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаан тэмдэглэсэн юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen