Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 52 дахь заалт, Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 21 дэх заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын баталсан удирдамжийн дагуу харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн ерөнхий жижүүр, ээлжийн даргыг хоригдол, хоригдсон болон баривчлагдсан этгээдүүдэд техникийн болон биечилсэн хяналт, хамгаалалтыг зохион байгуулахад мөрдөгдөх хууль тогтоомжийн эмхэтгэл, түүнийг хэрхэн зөв хэрэглэх, хорих анги, байгууллагад орголт, гэмт хэрэг, гарсан тохиолдолд хэргийн газрыг хамгаалалтад авах арга хэмжээг зохион байгуулах, гамшиг, осол гарсан тохиолдолд хэрхэн ажиллах, мэргэжлийн онцлогоос шалтгаалах сэтгэл зүйн асуудал зэрэг чиглэлээрх сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтыг нээж Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа М.Бат-Эрдэнэ үг хэлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, хошууч Э.Энхбаяр “Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх”, “Онцгой учралын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах”, ДХИС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш хошууч Э.Өнөболд “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хэрэглэх”, “Хүний эрхийг зөрчихгүй, хууль журмын хэрэгжилтийг хангах”, ДХИС-ийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн ахлах багш цагдаагийн хошууч Э.Батбаяр “Хорих анги, байгууллагад гэмт хэрэг, учрал гарсан тохиолдолд хэргийн газрыг хамгаалалтад авах”, Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төвийн тэргүүн, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Д.Цогзолмаа “Мэргэжлийн онцлогоос шалтгаалах сэтгэл зүйн асуудал”, “Судлаач яст мэлхий” НҮТББ-ын сэтгэл судлаач, сэтгэл судлалын магистр Т.Дариймаа “Анхаарал-бүтээмж”, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч, дэслэгч Б.Буддорж “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тухай” сэдвээр тус тус сургалт зохион байгуулав.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд харуул хамгаалалтын чиглэлээр ирүүлсэн албан бичиг, шаардлага, зөвлөмжүүд, Хорих ял эдлүүлэх албанаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, үйл ажиллагаандаа анхаарах асуудлын талаар ярилцаж санал солилцлоо.
Сургалтад хорих анги байгууллагын ерөнхий жижүүр 73, ээлжийн дарга 146, нийт 219 алба хаагч амжилттай хамрагдлаа.