Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургагч багш нарыг чадавхжуулах давтан сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Алтанцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Хүний эрхийн сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах референт Б.Болорзул, Хүний эрхийн боловсрол хариуцсан референт И.Мөнхбаяр нар оролцлоо.
Энэ үеэр Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд харьяа анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн сургагч багш нарыг хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах хариуцлагатай үүргээ цаашид улам сайжруулж, сургалтаар олж авсан мэдлэг мэдээлэл, хөндөгдсөн асуудал шийдэл, анхаарах зүйлсийг алба хаагч болон ял эдлэгсдэд түгээн дэлгэрүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Сургалтад харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 64 алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын үйл ажиллагааны нээлтийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.