Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Харуул хамгаалалтын ажилтныг мэргэшүүлэх сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Тус сургалтад харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид 10 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа 78 ахлагчийг хамруулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Алтанцэцэг нар оролцлоо.
Энэ үеэр Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ахлагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаны нэр хүндийг өндөрт өргөж, ахлагчийн манлайллыг дээдлэн, төрийн мэргэшсэн, чадварлаг албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд “Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Хорих байгууллагын нэвтрэх хэсгийн харуул хамгаалалтын зохион байгуулалтад анхаарах асуудал”, “Харуул хамгаалалтын ажилтны харилцаа, ёс зүйн хэм хэмжээ”, “Байгууллагын соёлд ахлагч бүрэлдэхүүний үүрэг”, “Аюулгүй байдлын ойлголт”, “ШШГБ-ын алба хаагч хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, практик хэрэглээ”, “Ял эдлүүлэх ажиллагаан дахь хүний эрх”, “Хорих байгууллагын харуул хамгаалалтын зохион байгуулалт”, “Алба хаагчийн сэтгэл зүйн бэлтгэл” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран сургалт зохион байгуулж байна.