УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн удирдах албан тушаалтнуудыг “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц: Эрүү шүүлтийг хориглох, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь, Эрүүдэн шүүсэн бүх үйлдлийг шалгаж, шийтгэх нь” сэдэвт сургалтад хамрууллаа.
Сургалтыг нээж Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг" олон улсын байгууллагын Хяналт шинжилгээний ахлах зөвлөх Бен Бакланд нар үг хэлэв.
Энэ удаагийн сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байууллагын нийт удирдах бүрэлдэхүүн танхимаар болон цахимаар оролцлоо.
Энэ үеэр “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" олон улсын нийгэмлэгийн Хяналт шинжилгээний ахлах зөвлөх Бен Бакланд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага болон сургалт хариуцсан алба хаагчдад зориулсан мэдээлэл”, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын үйлдэж болзошгүй эрүү шүүлтээс ангид байх эрхийн зөрчлийн хэв шинжид хийсэн дүн шинжилгээ” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо тус сургалтыг хааж хэлсэн үгэндээ алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрүү шүүлт тулгах, хүнлэг бусаар харьцах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зэрэг мэдлэг мэдээллийг олгосон чухал ач холбогдолтой сургалт болсныг онцоллоо.