“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан “ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах” зорилтыг хэрэгжүүлэх, Монгол Улсад Пробацийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх, ялтныг нийтийн ашиг сонирхолд тустай, зорилтот бүлэг, нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажилд татан оролцуулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн нутгийн захиргааны байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт холбон, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд өнөөдөр (2024.06.14) зохион байгууллаа.
Хурлыг нээж Улсын ерөнхий прокрорын газрын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо нар үг хэллээ.
Уг хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч, эрдэмтэн судлаачид болон аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын төлөөлөл 200 гаруй алба хаагч, эрдэмтэн, судлаачид танхимаар болон цахимаар оролцлоо.
Энэ үеэр “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үзэл баримтлал, зорилго”, “Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад учирч буй зарим тулгамдсан асуудлууд”, “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, хүний эрхийн зарим асуудал”, “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын асуудал”, “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй хүмүүсийг ажлын байраар хангах асуудал, түүнд тавигдах стандарт”, “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжилт дэх тулгамдсан асуудал” сэдвээр нийтдээ 6 илтгэлийг хэлэлцүүлж, ял эдлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.