Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жилийн ой ажлын хүрээнд тус ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлын зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж буй эмэгтэйчүүдийн талаарх эрх зүйн зохицуулалт, уламжлал, шинэчлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, гарц шийдлийг тодорхойлохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн ял эдлүүлэх чиглэлээр судалгааны ажилд оролцогчдын хүрээг тэлэх, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх юм.
Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Дотоод хэргийн их сургууль болон бусад их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач зэрэг 150 орчим төлөөлөгч оролцлоо.
Хуралд оролцогчдын зүгээс нийт 30 гаруй илтгэл ирүүлснийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлсний зэрэгцээ хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг нийгэмшүүлэх ажил, ял эдлүүлэх орчин, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн эрхийг хангах асуудал, жирэмсэн болон 0-2 настай хүүхэдтэй эхийн эрх, үүргийн талаар хөндсөн 8 судлаачийн илтгэлийг сонгож хэлэлцүүлж, санал бодлоо солилцсон ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо.