Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилготой төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрэгтэй, эмэгтэй баг амжилттай оролцлоо.Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 200 гаруй ахлагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний хаалтын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Н.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Т.Галбадрах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, шилдгээр шалгарсан баг тамирчдын шагналыг гардууллаа.
Тэмцээний эрэгтэй ангилалд нэгдүгээрт байрт Онцгой байдлын ерөнхий газар, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газар, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид шалгарлаа.
Эмэгтэй ангилалд тэргүүн байрт Онцгой байдлын ерөнхий газар, хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штабын баг тамирчид шалгарлаа.
Мөн Хил хамгаалах ерөнхий газраас тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах бүх байгууллагад дурсамж хадгалуулав.