ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА, ОУХМ, “СҮЛД” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ТАМИРЧИН, ДЭД АХЛАГЧ Б.БААСАНХҮҮ ТЭРГҮҮТЭЙ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэд ахлагч О.Хүслэн нар өнөөдөр /2024.08.05/ эх орондоо ирлээ.
Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Хууль тогтоомж, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу болон “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Соёмбо” чуулга, алба хаагчдын төлөөлөл угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ удаагийн олимпын наадмын Жүдо бөхийн төрөлд Монгол Улсаас 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд Б.Баасанхүү мөнгөн медаль, Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр, Ё.Басхүү нар тус тус долдугаар байрт шалгарсан юм.
Дэд ахлагч Б.Баасанхүү нь 2024 онд Улсын аварга, Азийн аварга, Душанбегийн “Их дуулга”, Дэлхийн аварга болсон амжилт үзүүлсэн билээ.
 

Add comment

reload, if the code cannot be seen