loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Самбо бөхийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын албаны бэлтгэлийн ур чадварыг хөгжүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, самбо бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Самбо бөхийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлогын  4.1.2-т заасан “биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх” гэсэн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд уг санамж бичиг чиглэгдэх юм.

Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв, орон нутгийн байгууллагуудын алба хаагчдаас байлдааны самбо болон самбо бөхийн үндсэн төрлөөр дасгалжуулагч, сургагч багш бэлтгэх, самбо бөхийн сургалтыг урт болон богино хугацааны, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, хамтран баг тамирчид бэлтгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Санамж бичигт ШШГЕГ-ын дарга, доктор (Ph.D), хурандаа Д.Дамдинцэрэн, МСБХ-ны ерөнхийлөгч, бригадын генерал Д.Гэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд хамтарсан уулзалтад ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба, Сүлд спорт хорооны дарга, Монгол Улсын аварга, хурандаа Н.Батсуурь, Сүлд спорт хорооны дэд дарга, дэд хурандаа Г.Баттулга, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, спорт хариуцсан захирал Ж.Баярсайхан нар оролцож цаашдын үйл чиглэлийн талаар санал солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд