loader

Т.Энхзаяа: Сүрьеэ өвчтэй хоригдлуудад сэтгэл заслын эмчилгээг бусад эмчилгээтэй хавсран үзүүлж байгаа нь өвчний эдгэрэлтэд нөлөөлсөн, эерэг үр дүнтэй ажил болсон байна.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан халдварт өвчинтэй тэмцэх үндэсний  хөтөлбөр болон халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас гаргасан бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд  Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны холбогдох албан тушаалтнууд 429 дүгээр хаалттай хорих ангийн Сүрьеэгийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяагаас тодрууллаа.

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэзээнээс эхлэн хэрэгжүүлж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хамтарсан 2011 оны 261/101 дугаар тушаалаар 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?

Халдварт өвчинтэй тэмцэхэд нийгмийн нөөц бололцоог үр дүнтэй дайчлан  ашиглах замаар хүн амын дундах халдварт өвчний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготойгоор  хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

Эмнэлгийн орчин нөхцөл, эмчилгээ үйлчилгээний байдал ямар байв?

Тус анги 2017 онд 100 ортой, 4 давхар эмнэлгийн барилгыг стандартын дагуу барьж ашиглалтад оруулсан. Эмнэлгийн тусгаарлах тасаг, ариутгалын тасаг, хэвтүүлэн эмчлэх тасаг, лабораторийн тасгийн үйл ажиллагаа нь орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлагыг бүрэн дүүрэн хангасан орчин нөхцөлд хоригдлуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэж харлаа.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хувьд?

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн шинжилгээний  хариу 3 сарын дараа гардаг. Харин эмнэлэгтээ женексперт оношилгооны шинэ аппраттай болсноор тус шинжилгээний хариуг 2 цагийн дотор гаргаж байгаа нь сайшаалтай байна.  

Сүрьеэ өвчний эмчилгээний хэлбэр нь бусад халдварт өвчний эмчилгээнээс  онцлогтой юу?

Сүрьеэ өвчин нь Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон халдварт өвчин болоод байгаа. Урт хугацаанд эмчилгээ хийгдэж байж үр дүн гардаг. Өвөрмөц эмчилгээнүүд хийгддэг.Эдний ангийн хувьд сүрьеэгийн өвөрмөц эмчилгээтэй хоригдлуудад нэмэгдэл хоол хүнсийг олгох эмчилгээг стандарт шаардлагын дагуу олгож байгаагаас гадна сэтгэл заслын эмчилгээг бусад эмчилгээтэй хавсран үзүүлж байгаа нь сүрьеэ өвчний эдгэрэлт сайжирч, түргэсэхэд нөлөөлсөн, эерэг үр дүнтэй ажил болсон  байна. Нэмж хэлэхэд 429 дүгээр анги СХД-ийн 21-р хороонд байрладаг, хоригдлууд тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хорооныхоо иргэдэд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг хийх ажлыг зохион байгуулж, 150 иргэнийг хамруулнаар 1 иргэн сүрьеэ өвчтэй нь оношлогдсон байна. Эрүүл мэндийн салбарын төлөөллийн хувьд энэ үйл ажиллагааг нийгмийн хариуцлагаа ухамсарласан, эерэг ажил болсон гэж бодож байна.  

Эх сурвалж:www.newspress.mn



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд