loader

Хууль сахиулахын их сургууль, ШШГЕГ-ын судлаач, албан хаагчдын чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа

ХСИС, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Koica)-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “ХСИС-ийн хорих ял эдлүүлэх чиглэлийн судлаачдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт 2019 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 09-ний хооронд БНСУ-ын Хууль зүйн хүрээлэн дээр амжилттай зохион байгуулагдлаа.


ХСИС болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Koica)-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 оноос ХСИС-ийн хорих ял эдлүүлэх мэргэжлийн багш, судлаачдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах талаар сургалтын төсөл боловсруулан хүргүүлж, төслийн үр дүн, агуулга, ач холбогдлын талаар танилцуулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрээр ажилласны дүнд 2016 онд албан ёсоор дэмжигдэн уг сургалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү төслийн хүрээнд 2017, 2018 онд ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС-ийн нийт 54 албан хаагчийг БНСУ-д сургалтад амжилттай хамруулсан бөгөөд 2019 онд 20, нийт 74 албан хаагч хамрагдаад байна. 

Сургалтын багт ХСИС-иас төслийн санаачлагч, сургалтын багийн ахлагч, ХСУА-ийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат, Сургалт, чанарын албаны хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнхзаяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Уранчимэг нарын 14, ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, дэд хурандаа Я.Оюунчимэг, хаалттай хорих 405 дугаар ангийн дэд дарга, хошууч С.Лхагвасүрэн нарын 6, нийт 20 судлаач, албан хаагч тус тус хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагаа БНСУ-ын ХЗХ-ийн Сөүл дэх салбар болон төв байранд зохион байгуулагдсан бөгөөд тус улсын хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээрх үндсэн сэдвүүдийн хүрээнд лекц, семинарын хичээлүүд явагдсан. Тухайлбал, БНСУ-ын засан хүмүүжүүлэхийн удирдлагын тухай тойм, хорих ял эдлүүлэх ажиллагааны ойлголт, тогтолцоо, хоригдлыг ангилан хуваарилах тогтолцоо, хорих байгууллагын олон улсын хамтын ажиллагааны агуулга, чиглэл, хоригдлыг чадавхжуулах, сурган дадлагажуулах тогтолцоо, БНСУ-ын засан хүмүүжүүлэх ажиллагааны түүхэн хөгжил, ял шийтгэгдсэн болон хянан харгалзсан, тэнсэн суллагдсан этгээдийг хянах “Цахим хяналтын тогтолцоо”, хорих байгууллага дахь хүний эрхийн асуудал, хоригдолд чиглэсэн үйлчилгээ зэрэг сэдвүүдийн хүрээнд БНСУ-ын хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, арга хэлбэр, тогтолцооны асуудлыг багтаасан танхимын хичээлүүд орсон бөгөөд багш, судлаачдын хувьд онол, арга зүйн олон асуудлыг харьцуулан судлах боломжийг олгосон, олон талт мэдээллийг багтаасан ач холбогдол бүхий хичээлүүд байлаа.

Түүнчлэн суралцагч нар сургалтын хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Хууль зүйн хүрээлэнгийн сургалтын төв байр (Main campus), салбар хэсгийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, Чонан дахь Нээлттэй хорих анги, БНСУ-ын ХЗЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын харьяа Цахим хяналтын төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцсан.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд