loader

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн шинэ байрны нээлтийн ажиллагаа боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, ахлах мэргэжилтэн Б.Батболд, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Туулхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Нямгомбо, Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа С.Батбямба, Глобал сангийн төлөөлөгчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хэлсэн үгэндээ сүрьеэ өвчин нь Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон халдварт өвчин болоод байгаа энэ цаг үед тус эмнэлгийн барилгыг богино хугацаанд, стандартын дагуу барьж, ашиглалтад оруулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэгэх байгууллагын төдийгүй эрүүл мэндийн салбарт томоохон ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлов.

Мөн тус эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх ая тухтай орчин бүрдэж байгаагаас гадна хоригдлууд олон улсын хүний эрхийн конвенц болон холбогдох хууль тогтоомжид заагдсан орчин нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болсныг дурдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлээр боловсон хүчний  хангалт хийж асуудалд хамтран ажиллах, эмч нарын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх сургалтад хамруулах, яаралтай нөхцөл байдал үүссэн үед 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүйгээр хоригдлуудад үзүүлж байх, энгийн эмнэлгийн сүрьеэгийн эмч нарт олгож буй 30 хувийн нэмэгдлийг, байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа эмч нарт олгуулах  зэрэг асуудлуудыг шийдвэрлэж, өгөхийг салбарын сайдаас хүссэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ хэдийгээр эрх чөлөөгөө хасуулан хорих ял эдэлж байгаа боловч бидний адил хүн, тэдэнд тодорхой хэмжээнд эдлэх ёстой эрхүүдийн нэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хангаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг барьж ашиглалтад оруулж байгаад талархал илэрхийлээд цаашид эмнэлгийн ажилтнуудад тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тус эмнэлгийн барилга нь 100 ортой, 2700 м2 квадрат, 4 давхар барилга юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд