loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТАН, БЭЛТГЭЛ ХУРАНДАА П.БАДАМДОРЖИД “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛ ОЛГОЛОО

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойг тохиолдуулан төрийн тусгай байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол олголоо.
Гавьяат хуульч, бэлтгэл хурандаа П.Бадамдорж нь 1978-1980 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагыг удирдах газрын харьяа Бэрлэг дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид жижүүрийн офицероор ажил амьдралын гараагаа эхэлж, улсад 30 жил ажилласнаас 26 жилд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ахмад ажилтан юм.
Энэ хугацаанд улс орон төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжиж буй үед хорих байгууллагын эдийн засаг, санхүүгийн асуудал, хүмүүжигчдийн ажлын байр, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар 1993 онд батлуулсан.
Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг боловсруулан баталж, эрх зүйн орчныг нь сайжруулснаар хоригдлын хоол хүнсний нормыг шинэчлэн тогтоож, жингийн алдагдлыг бууруулж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэгтгэн эмчлэх асуудлыг шийдвэрлэж байв.
Мөн Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Өндөрхаан хот чиглэлийн 100 километр өндөр хүчдэлийн шугам тавих ажлыг хэрэгжүүлснээр одоогийн Чингис хот байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болсон юм.
Ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдорж нь төв, орон нутгийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа хоригдлын хүч, нөөц бололцоог нийгмийн туст хөдөлмөрт зөв зохион байгуулалттайгаар ашиглаж, “Баянзүрх” дэх ногооны зоорь, “Хүрэлтогоот”-ын мөсөн зоорь, “Толгойт”-ын хүнсний агуулах зэрэг томоохон барилга байгууламжийг бүтээн байгуулж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын иргэдийг жилийн дөрвөн улиралд мах, төмс хүнсний ногоогоор найдвартай хангах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Түүний ажлын гараа Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагыг удирдах газрын харьяа Бэрлэг дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид жижүүрийн офицероор эхэлж, Мааньт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газрын Дэглэм, харуул хамгаалалт, тоо бүртгэлийн тасагт байцаагч, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 433 дугаар ангийн дарга, Хорих ангиудыг удирдах газарт харуул хамгаалалтын ахлах байцаагч, Хорих 419 дүгээр ангийн дарга, Хорих байгууллагыг удирдах газрын дэд дарга, Хорих 411 дүгээр ангийн дарга, Шийдвэр гүйцэтгэх газарт шадар гүйцэтгэгч, Цагдаагийн дээд сургуульд ахлах багш, Хорих 409 дүгээр ангийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд