loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ О.АМАРСАНАА АЛБА ХААГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн алба хаагчидтай цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон байгууллагын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа томилогдсоноосоо хойших нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, Хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгох, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор ахлагч бүрэлдэхүүнийг албан тушаалд томилох, цэргийн цол олгох эрхийг харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нарт шилжүүлсэн.
Алба хаагчдын үндсэн цалин болон нэмэгдлүүдийг нэмэгдүүлэх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд уламжлан, шийдвэрлүүлж Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар алба хаагчдын цалинг нэмэгдүүлснээр нийт цалинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 44 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин 48 хувиар тус тус өссөн.
2023 оноос хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдад цолны цалинг олгуулахаар тооцож, өнөөдрийн байдлаар 210 алба хаагчид олгоод байна.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 269 алба хаагчид хөнгөлөлттэй үнээр орон сууц, 21 алба хаагч, ахмад ажилтнуудад гэр олгож, тусламж дэмжлэг үзүүллээ.
Аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт таван жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 349 алба хаагчид олгоод байна.
Автомашины парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 31 автомашиныг харьяа анги, байгууллага, салбар нэгжид олголоо.
Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага судлах зорилгоор Их Британи, Австрали, Гүрж, БНСУ, Чех, Япон, Тайланд, Канад, Вьетнам, БНХАУ зэрэг улстай хамтран ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, баривчлах, цагдан хорих, хорих ял эдлүүлэх үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг эмчилгээ, эмнэлгийн үзлэгт хамрагдахад хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Мөн алба хаагчдыг төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, яаралтай тусламж болон 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд шат дараатайгаар үйлчлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургалт зохион байгуулах, хоригдол, хоригдогсдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд нийт 1.545.000 ширхэг модыг үрээр болон хүлэмж, ил талбайд тарьж ургууллаа.
Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нийт хоригдлын 76.5 хувийг ажлын байраар ханган, 1.3 тэрбум төгрөгийн цалинг бодож, гэмт хэргийн улмаас учирсан 233.4 сая төгрөгийг хохирол төлбөрийг барагдууллаа.
Өсвөр насны хоригдлын эрүүл, аюулгүй орчинд ял эдлэх, сурч боловсрох эрхийг хангах зорилгоор 2024 оны төсөвт Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сургуулийн барилгыг эхлүүлэхэд шаардлагатай 6.1 тэрбум төгрөгийг тусгуулсан.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдлын хоногийн хоол хүнсээр хангах, хоногт авбал зохих илчлэг нормийг Эрүүл мэндийн сайдын хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээнд нийцүүлэн шинэчлэн батлууллаа.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах хүрээнд шинэ төрлийн цахим бугуйвч, тэдгээрийн дагалдах хэрэгслийг шинэчилж, цахим бугуйвчийн чанар, үзүүлэлтийг нэмэгдүүлэн нөөцийг бүрдүүлээд байна.
Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тодорхой үр дүнд байна.
Зүүн бүсийн албадан эмчлэх эмнэлгийг байгуулах ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, үйл ажиллагааг эхлүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 49.6 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 18.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өссөн дүнтэй байгаа талаарх мэдээллийг тус тус хүргэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Цаашид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар дотоод орлого төвлөрүүлэн, алба хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулан ажиллана” гэдгийг онцоллоо.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд