loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН /эхний хагас жилийн байдлаар/

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

/эхний хагас жилийн байдлаар/

 

 

 

2023.07.24.                                                                                       Улаанбаатар хот.

 

Нэг. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шуурхай хуралдаан 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулагдаж, байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаж байна.

 

            Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар нэгтгэн, дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээ авч ажиллалаа.

 

2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа салбар нэгжүүд орон нутаг дахь Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран 20 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба биелэлт 84.4 хувьтай байна.

 

2023 оны 07 дугаар сард 415 дугаар хаалттай хорих анги,Хэнтий аймаг дахь ШШГГ- 419 дүгээр нээлттэй хорих анги, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд үүсэн байгуулагдсан түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Нийслэл Улаанбаатар хотод нүүрлээд буй үер усны гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, сэргээн босголтын ажилд тус байгууллагын 350 гаруй алба хаагчид оролцож, Энхтайвны гүүр, Шангри-Ла зочид буудал, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Дунд голын дагуух үерийн далан босгох ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын аютомашины парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд 31 автомашиныг анги, байгууллага, салбар нэгжид гардуулан өгөх ажлыг зохион байгуулсан.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, ахмадуудад нүдний харааны үнэ төлбөргүй үзлэг хийж сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, баривчлах, цагдан хорих, хорих ял эдлүүлэх үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комиссын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр 1000 орчим алба хаагчдад сургалт зохион байгууллаа.  

            Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран “НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Хоёр. Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр:

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Турк, Солонгос, Сингапур,Австрали, Япон, Хятад, Их Британи, Польш, Чех, Унгар, Австри, Герман, Швейцар, Канад, Бельги, Франц, Итали, Финланд, Эстони зэрэг улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагууд болон Койка, Жайка, Тика, Дэлхийн банк, Азийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай тус тус хамтран ажиллаж байна.

 

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын www.cd.gov.mn сайтад 76, фэйсбүүк хуудаст 210, дотоод мэдээллийн самбарт 68 мэдээ мэдээллийг тус тус байршуулсан бацахим хуудаст давхардсан тоогоор 162921 удаагийн хандалт хийгдсэн байна.

 

            Тус байгууллагын Хэвлэл мэдээллийн төвөөс дотооддоо “Албаны төлөө” нэвтрүүлэг 3, видео мэдээ 5, шторк 21, постер 53, подкаст 3, фото сурвалжилга 1, нийтлэл 1, сурвалжилга 1 дугаарыг тус тус бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

 

            Мөн үндсэн үйл ажиллагаа болон байгууллагаас зохион байгуулсан “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ”, “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье”, “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй”, “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага”, “Дүрэмт хувцас бидний бахархал, дүрмээр өмсөх бидний үүрэг” аяны хүрээнд МҮОНРТ, TV5, TV8, NTV, C1, TV6, Eagle.mn, TV25, TV9 телевизийн нэвтрүүлэг 6, зочны ярилцлагын цагт 6, мэдээг 51 удаа давталттайгаар;

            “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин” сонинд 12 мэдээ мэдээлэл;

            Олон нийтийн zaluucom.mn, check.mn, urug.mn, unuudur.mn, tac.mn, tsahiur.mn, onlinetv.mn, zarig.mn, gogo.mn, montsame.mn, isee.mn, eagle.mn, erennews.mn, medee.mn, unen.mn, etime.mn, arslan.mn, eguur.mn, niitlel.mn, snews.mn, news.mn, ubn.mn, 24 tsag.mn, post.mn, ikon.mn, zindaa.mn, dardas.mn сайтад нийт сурвалжилга 9, ярилцлага 23, мэдээ мэдээлэл 140 тус тус нийтлүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 22-ны өдөр” тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тус арга хэмжээний хүрээнд ШШГЕГ-ын даргын тушаалаар зарим алба хаагчийг шагнан, нийт алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлж, "Төрийн хуяг" Ж.Шижээг “Албаны төлөө” нэвтрүүлэг, зураг постер бэлтгэн, олон нийтэд хүргэсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас-Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар 12 дахь өдрөө гүйж байгаа тухай мэдээг mnb.mn, ubn.mn, unuudur.mn, arslan.mn, bataar.mn, zogii.mn, tsahiur.mn, undesten.mn, 24tsag.mn, ugluu.mn, mass.mn, sonin.mn сайтад тус тус 12 удаа нийтлүүлсэн.

 

Гурав. Нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр:

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага нь алба хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж ирсэн. Тухайлбал,

 

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг ШШГЕГ-ын даргын 2023 оны А/47 дугаар тушаалаар 12 салбар нэгжийн нийт 336 алба хаагчдад олгохоор болсон.

            - Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/363 дугаар тушаалаар ахлагч бүрэлдэхүүний албан тушаалын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны А/244 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг олгох асуудлыг шийдвэрлэсэн.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдыг орон сууцжуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Хан-Уул дүрэгт баригдаж буй 2 блок барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

            - Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 21 алба хаагч, ахмад настанд иж бүрэн тавилгатай “Монгол гэр” олголоо.

 

Дөрөв. Хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх

 ажлын хүрээнд:

 

            Байгууллагын хэмжээнд хүний нөөцийн нөхөн хангалт хийх, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсаар ирсэн. Үүнд:

 

            Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг 2 удаа, “Офицер” бэлтгэх дамжааг 1 удаа, ШШГБ-ын цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг 1 удаа тус тус зохион байгуулж, шаардлага хангасан иргэдийг албан тушаалд томилсон.

 

            Шийдвэр гүйцэтгэгчийн нөөц бүрдүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг явуулж, шалгалтад тэнцсэн 33 оролцогчийг шийдвэр гүйцэтгэгчийн нөөцөд бүртгэсэн.

 

             2023 оны эхний хагас жилийн байдлаар ШШГЕГ-ын даргын тушаалаар 274 иргэнийг шинээр, 178 алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэн, 204 алба хаагчийг шилжүүлэн томиллоо.

 

            Ерөнхий боловсролын төгсөх ангийн хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бидний бахархал” арга хэмжээг Хан-Уул дүүргийн 32, 75 дугаар дунд сургуулиудад зохион байгуулсан.

 

Тав. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд:

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан харьяа хорих анги, байгууллагад хүргүүлсэн.

 

            Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Харилцан хүндэтгэе” аянд нэгдэж, харьяа хорих анги, байгууллагууд алба хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар сургалт зохион байгуулсан.

            Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй “Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог эхнийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд” илтгэл хэлэлцүүлсэн.

 

“Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт”, “Жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн удирдлагын зарим асуудал, шийдэл”, “Хүний эрх, ажлын байрны дарамтын тухай үндсэн ойлголт, хэм хэмжээ” сэдвээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш доктор /Ph.D/ дэд профессор Э.Ариунаа, Ч.Эрдэнэчимэг нар сургалт зохион байгуулсан.

 

            Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Халиун хамрагдаж, гэрчилгээ авсан.

 

            “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд англи хэлний зохих мэдлэгтэй БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй алба хаагчдын хүүхдүүдээс сонгон, тэтгэлэгт хамруулах шалгалт авах ажлыг зохион байгуулсан.

 

Зургаа. Хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр:

 

            Тайлант хугацаанд давхардсан тоогоор нийт 51 хорих анги, байгууллагын үйл ажиллагааг шалган зааварчилж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

 

            Хорих ял эдэлж байгаад суллагдсан нийт 1350 этгээдийн хувийн хэргийг ЦЕГ-Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны статистик, мэдээллийн хэлтсийн лавлагааны санд  шилжүүлсэн.

            Суллагдсан 1006 этгээдийн мэдээллийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д байршуулан, иргэдийн лавлагаа авах боломжийг олголоо.

 

            Өндөр настай хоригдлуудын хууль эрх зүй, нийгмийн баталгааг хангаж, хуулиар тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийг олгуулах ажлыг зохион байгуулан 32 хоригдолд “Насны хишиг”-ийг олгуулж байна.

 

           Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны 26 хоригдол, 435, 437 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд нь “Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран 17, нийт 41 хоригдлыг суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад хамрууллаа.

 

            2023 оны эхний хагас жилийн байдлаар 82 хоригдлыг уншиж, бичиж сургасан байна.

 

            “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу нийт 1718 хоригдлыг сургалтад хамруулж, суллагдсан 169 иргэнийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлан, нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилласан.

 

            Тайлант хугацаанд нийт 588 хоригдолд мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг зохион байгууллаа.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хоригдлын хөдөлмөр эрхлэлт 60 хувьтай байна.

 

            “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг ханган, давхардсан тоогоор 4046 хоригдлыг “Skype” программыг ашиглан цахим уулзалтыг зохион байгуулсан.

 

Долоо. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр:

 

            Өнөөдрийн байдлаар 8969ялтан, этгээдэд хяналт тавьж байна.Үүнд: Зорчих эрхийг хязгаарлах ялтай 1350, Торгох ялтай 1857, хуулийн этгээд 7, Нийтэд тустай ажил хийлгэх ялтай 357, Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1817 буюу Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 5388ялтан, Албадлагын арга хэмжээ авагдсан 3581 этгээдэд тус тус хяналт тавьж байна.

 

2023 оны эхний хагас жилийн байдлаар харьяа нийт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст дараах үүрэг, чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулан ажилласан байна. Үүнд:

Эрэн сурвалжлагдаж байгаа болон зайлшгүй хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай ялтан, этгээдийн эрхийг түдгэлзүүлэх талаар 3, нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний талаар 2, хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам,Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад нэмэлт, өөрчлөлтийн санал авах талаар 1, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 5, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 2, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар 3 буюу нийтдээ 16 үүрэг, чиглэлийг өгсөн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2022 оны А/24 дүгээр “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгаж, цас мөс цэвэрлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан.

 

Уг аяны хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлийн 126 га, орон нутагт 59 га газар нийт 185 га талбайн цас, мөсийг цэвэрлэсэн.

Аяны үр нөлөө, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Халтиргаагүй орчин, Хариуцлагатай байгууллага” уриалгыг гарган тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн 13 сайтад байршуулж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нийслэл, орон нутгийн 226 аж ахуй, нэгж байгууллагууд нэгдэн идэвх санаачлагатай оролцсон.

 

Найм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр:

 

            2023 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 37825 гүйцэтгэх баримт бичгийн 2.3 их наяд төгрөгийг биелүүлэхээс 15605 гүйцэтгэх баримт бичгийн 300.3 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 22220 гүйцэтгэх баримт бичгийн 2.0 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн биелэлт 41.3 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 13.0 хувьтай, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт 4.4 хувиар, мөнгөн дүн 3.1 хувиар тус тус өссөн, 3917 гүйцэтгэх баримт бичгээр илүү дуусгавар болгосон үзүүлэлттэй байна.

 

            Хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичиг тайлант хугацаанд 12345 гүйцэтгэх баримт бичгийн 42.1 тэрбум төгрөгөөс 651 гүйцэтгэх баримт бичгийн 10.1 тэрбум төгрөгийг бодитой биелүүлснээс 9.9 тэрбум төгрөгийг хэсэгчлэн төлүүлжээ. Гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 4.8 хувийн үзүүлэлттэй, 12787 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

 

            ШШГЕГ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/58 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 53 алба хаагчийг татан ажиллуулсанаар нийт 1441 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2.1 тэрбум төгрөгийг бодитой биелүүлэн, 440 гүйцэтгэх баримт бичгийг эцэслэн шийдвэрлэж, сард дунджаар 10-14 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, тухайн тойргийн бодит биелэлтийг 9.3-24.0 хувь хүртэл нэмэгдүүллээ.

 

ШШГЕГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/119 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэгчдийн 4 дүгээр нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж, 290 шийдвэр гүйцэтгэгчид хамрагдлаа.   

 

Ес. Бусад ажлын хүрээнд:

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь батлагдсан төсвийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу зарцуулж байгаа ба төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээг хуулийн хугацаанд холбогдох дээд байгууллагад хүргүүлж ажиллалаа.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагуудын 2023 оны үйлдвэр, борлуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр, борлуулалтын төлөвлөгөөний биелэлт 41 хувьтай байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжийн  дотоод хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан 57 эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулсан.

 

           Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг нэгдье” уриалгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, газар, хэлтэс, хорих анги, байгуулагууд өөрийн цахим хуудас пэйжэд байршуулж аянд нэгдсэн.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Спортын өдөрлөг” зохион байгуулсан. Тус өдөрлөгт Улаанбаатар хотын хүрээний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжийн дарга нар болон 400 гаруй алба хаагч оролцож, буухиа гүйлт, туухай өргөлт, гар барилдаан, олс таталт зэрэг спортын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр “Тэмцээн зохион байгуулах тухай” тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “Спортын зургаан төрөл”-т тэмцээнийг 2 үе шаттайгаар, харьяа 47 нэгжийн дунд, зохион байгууллаа.

 

            Харьяа хорих анги, байгууллагын хэмжээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1166 алба хаагч урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагджээ.

 

            Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд 38 хорих анги, байгууллагын 65 алба хаагчдад “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Хоол эмчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулсан.

 

            БНСУ-ын “EL” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсанаар алба хаагчид 40 хувийн хөнгөлттэй үнээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдах боломж бүрдсэн.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Санамж бичгийн хүрээнд мод тарьж ургуулах, арчлах чиглэлээр алба хаагчдад сургалт зохион байгуулах, Говийн болон Хангайн бүсэд мод тарьж ургуулах, арчлах, хашаа, хамгаалалт барих, ойн зурвас байгуулах зэрэг олон ажлыг хамтран хийж хэрэгжүүлэхээр тогтсон ба 2023 оны эхний хагас жилийн байдлаар хаврын мод тариалалтын ажлын хүрээнд 647,562 ширхэг харандан үрсэлгээ, тарьц, суулгац, жимс жимсгэнэ, хайлаас, шар хуайс, чацарганы модыг тус тус суулгасан. 

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын дуучин, МУСТА, хошууч Э.Болормаа “Энх мэндийн хадаг” анхны бие даасан тоглолт, бүжгийн багш, доктор (Ph.D), ахмад М.Мөнгөнцэцэг “ТЭНГРИ БҮЖИ” бие даасан уран бүтээлийн тоглолтоо тус тус зохион байгуулан ажиллалаа.

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

 ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд