loader

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 23 дугаар

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн.

Уг тогтоолоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Үүнд:
1/Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар: а/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; б/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох, хууль бусаар баривчлагдсан сэжигтний судалгааг тогтмол гаргаж холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх, тухайн хүн өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулах; в/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; г/цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах хүрээг хязгаарлаж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулах; д/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд таслан сэргийлэх арга хэмжээний зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий зөвшөөрлийн шүүх бий болгох асуудлыг судалж, танилцуулах; е/бүх насаар хорих ялыг хорих ялаас тусдаа ялын төрөл болгон хуульчлах асуудлыг судлан үзэж, ял эдлүүлэх дэглэм, зохион байгуулалт, сургалт, хөдөлмөрийн стандартыг шинээр тогтоох, түүнчлэн хорих ял эдлүүлэх дэглэмийн зэрэглэл хүндрүүлэн ганцаарчлан хорьж байгаа тохиолдлыг таслан зогсоох; ё/эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх саналыг боловсруулж танилцуулах; ж/зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал боловсруулж танилцуулах; з/үндэсний аюулгүй байдлыг хангах болон шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2/Хүүхдийн эрхийн талаар: а/ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх; б/Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх; в/хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулах.
3/Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар: а/ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; б/ахмад настныг ажлын байраар хангаж байгаа ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийг татварын болон бусад бодлогоор дэмжих; в/ахмадын асрамж, хамгаалал, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох асуудлаар цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
4/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар: а/Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж тодорхойгүй байдал үүсгэж байгаа зохицуулалтыг өөрчлөх талаар болон эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах талаар хуулийн төсөл боловсруулах; б/эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах.
5/Бусад асуудлын талаар: а/Монгол Улсын Үндсэн хууль, иргэний үндсэн эрхийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; б/Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авах; в/хоригдлын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар хангахад чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Хөдөлмөрийн арбитрын дүрмийг баталсан байна. Арбитр нь үйл ажиллагаандаа хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгох бөгөөд Хөдөлмөрийн арбитрын үйл ажиллагааны зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн заасан хөдөлмөрийн сонирхлын маргааныг мөн хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхэд орших юм.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд