loader

М.Н: ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛЫН ГОЛОМТ БАЙХ ЁСТОЙ АТАЛ ЗАРИМ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОВЛОНГИЙН ҮҮР БОЛСОН БАЙДАГ

 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн олон улсын өдөр” болгон тэмдэглэх тогтоол баталсан. Уг өдрийг тохиолдуулан гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэргэжилтэн, дэслэгч Ч.Ариунболдын бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Монгол Улсад тулгамдаж буй асуудал юу байна вэ. Магадгүй яг одоо гадагшаа гараад гудамжинд алхаж яваа хэн нэгэнд энэ асуултыг тавихад ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдол, архидалт, бүр нарийн тоочвол Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэнэ. Гэхдээ хүмүүс тэр бүр анзаардаггүй, анзаарсан ч төдийлөн ач холбогдол өгдөггүй асуудал бол гэр бүл салалт.
Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж гэр бүлийг тогтвортой байлгах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгох шийдвэр гаргаж, 1994 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсын хувьд уг өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Тэгвэл Монгол Улсад гэр бүл хэр тогтвортой байна вэ.
Монгол Улсад өдөрт дунджаар 50 орчим гэрлэлт, 13 салалт бүртгэгдэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 онд 17694 гэрлэлт, 4515 салалт бүртгэгдсэн статистик мэдээнээс үүнийг хялбархан тооцон гаргаж болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлангаар 2022 онд шүүхэд салах өргөдлөө өгсөн 3861 гэр бүлд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулсан ч ердөө 10.7 хувьд эвлэрэл амжилттай болжээ. Харин 3447 өргөдөл буюу 89.3. хувьд амжилтгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.
 Салж байгаа гэр бүл ихэвчлэн 1-2 хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, жилд 10 мянга орчим хүүхэд гэр бүл салалтын улмаас өнчрөл, хагацлын зовлон амсаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн болон цуцлуулсан тоо. Үүний цаана гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч үлдэж байгааг нарийвчлан гаргах боломжгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нийслэлийн 816, 21 аймгийн нийт 1200 өрхийн дунд “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгаа хийжээ. Уг судалгаанд хамрагдсан өрхүүдийн 13.5 хувь нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдрагч хэлбэртэй байсныг онцолжээ.
Гэр бүл салалт нь залуус хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа муу, архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт, хэрүүл маргаан, үл ойлголцол гэсэн дүгнэлтийг гэр бүл судлаач хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын аль ч судалгаанаас хангалттай харж болно. Архидалт, хууран мэхлэлт, хэрүүл маргаан нь эцсийн дүндээ гэр бүл салалтын хамгийн том шалтгаан болох хүчирхийлэл, дарамт шахалтын эх суурь болдог байна. Дээр дурдсан судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 31.6 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодын, сэтгэл санааны эсхүл бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.
Гэр бүл салалт, хүчирхийллийн хамгийн том хохирогч хүүхэд. Залуу эмэгтэй хүүхдийнхээ ааваас салж, өөр хүнтэй хамтран амьдрах үед 3 настай хүү нь хамтран амьдрагчийнх нь тэсэхийн аргагүй хүчирхийлэлд өртөн эмнэлэгт хэдэн арав хоног ухаангүй байгаад Турк руу эмчилгээнд явсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж олныг сэртхийлгэсэн. Аав, ээжийнхээ хайрыг ханатлаа амсаж, хорвоо дэлхийг гэнэн цагаан инээдээрээ хөглөж, өнөөдөр байтугай ирээдүйд юу болохыг үл тоон өдөржин тоглож өнжих насандаа хэдэн хүүхэд цоожтой хаалганы цаана энэ мэт хүчирхийллийн золиос болж буйг таамаглах аргагүй. Гэр бүл нь аз жаргалын голомт байх ёстой атал зарим эмэгтэйд, зарим хүүхдэд зовлонгийн эх үүр болсон байна. Энэ үгийг эмэгтэйчүүдийн хорих буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй М.Н өгүүлсэн юм. Гэр бүл салалт, хүчирхийлэл хүүхдэд хэрхэн тусаж байгаа талаар ярилцахаар бид түүнтэй тус ангид уулзаж, доорх яриаг өрүүлсэн юм.
 
Хүүхдүүд минь “Ээжээ өлсөөд байна” гэж хэлэхэд л хөх тэнгэр хөмрөх шиг болсон
Тэр надаас мөнгө авсан үедээ тайван байдаг. Тиймээс зодуулахгүйн тулд өдөржин хүний үс засаж олсон мөнгөө орой болгон өгдөг байсан нь миний хамгийн том алдаа байсан даа. Нэг орой ажлаа дуусаад ирэхэд хүүхдүүд минь идэх хоолгүй “Ээжээ өлсөөд байна” гэсээр угтахад нь хөх тэнгэр хөмрөх шиг болсон хэмээн ярих М.Н гэх энэ бүсгүй бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 1 дүгээр сарын 13-нд 3 жилийн хорих ял авсан байна.
Би тухайн үед түрхэн зуурын уур бухимдлаа дарсан бол өдийд 3 сайхан хүүхдийнхээ хамт жаргалтай байх байсан юм гэсээр Н яриагаа үргэлжлүүллээ. Тэрбээр нөхөртэйгөө гэрлээд 8 жил амьдрахдаа гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байжээ. Анх түүнтэй танилцахад ёстой л хүний хайлан байсан. Гэхдээ яг хамт амьдраад эхлэх үедээ жинхэнэ төрхөө нууж байсныг нь мэдсэн гэж М.Н харамсангуйгаар дурсав.
Тэрбээр, “Нөхөр ажил хийдэггүй тул би хүүхэд төрүүлсний дараа гам барина гэдэг ойлголт байгаагүй. 14 хоноод л шууд ажилдаа гардаг байсан. Учир нь нөхөр мөнгө төгрөггүй болоод ирэхээр ааш авир нь өөрчлөгдөж, зодож нүддэг. Нөхрөө олны дунд оруулахын тулд, юм үзүүлж, нүд тайлуулахын тулд би Оросын Эрхүү хот руу хүртэл авч явсан. Гэхдээ...” гэж хэлээд тэр дуугаа хураачхав. Харь оронд, хүний нутагт нарийн гэдсээ тасартал зодуулж, хагалгаанд орсон нь түүний хувьд эргэж санамааргүй хар дурсамж. Тэр үед нөхөр нь эмнэлэгт бичиг баримтыг нь ч өгөлгүй Монгол буцсан бөгөөд Эрхүү дэх Консулын газрынхан эгчтэй нь холбогдож байж, бичиг баримтыг нь авчруулсан байна. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ яваад ирэхдээ ангийнх нь бүтэн эсхүл хагас өнчин хүүхдүүд ямар хүнд амьдрал туулж байгаа талаар, аав ээжийгээ хэр их санадаг талаар нь ээждээ ярьдаг байж. Тиймээс ч М.Н өөрийн хүүхдүүдээ өнчрөл, хагацлыг амсуулахгүй гэсэн сэтгэлээр нөхрийнхөө 2017 онд хийсэн дээрх үйлдлийг нь уучилжээ. Гэвч байдал дээрдсэнгүй.
Ганц сарнай, атга чихэр, уучлаарай гэдэг гэмшлийн үгэнд хууртаж, одоо ухаарч дээ, дахиад зодуулахгүй нь дээ гэсэн горьдлого тээдэг байсан өдрүүдээ бодохоор харамсдаг даа гэж М.Н яриагаа үргэлжлүүллээ. “Тэр орой надад гар хүрэхэд нь би тэсэлгүй юмаар цохиж гэмтээгээд шүүхээр шийтгүүлсэн. Нөхөр маань хаа очиж хүүхдүүддээ гар хүрдэггүй. Тиймээс намайг гарч иртэл сайн хараарай гэж захиад хүүхдүүдээ нөхөртөө үлдээсэн ч хөдөө ажиллалаа гэдэг шалтгаанаар Хөвсгөлд байдаг ээжид минь өгсөн байсан. Хүүхдүүдийг ээжид өгөхөөс өмнө аавынх нь ах нь бага хүүгийн минь  хоёр гарыг хугалсан байна билээ. Согтуу орж ирээд газар савчихсан гэсэн. Би ч хуулийн дагуу шийдүүлнэ гээд эндээс өргөдөл бичээд явуулсан байгаа” гэж хэлээд, хацрыг нь даган урсах нулимсаа арчаад, “Том охин минь одоо 7 настай. 2 эрэгтэй дүү нь 3, 4 настай. Намайг хоригдсоноос хойш охин минь 2 дүүгийнхээ ээж шиг л байдаг болсон. Утсаар ярихад охин минь би гэрийнхээ урд талын дэлгүүрийн барааг өрж өгөөд өдөрт 5-10 мянган төгрөгийн цалин авч байгаа. Танд нүүрний будаг авч өгнө өө гэж хэлсэн. Өдийд эрхэлж, тоглох нас нь байтал охин минь тэнд ажил хийж байна. Хамгийн гол нь хүүхдүүдийн дэргэд намайг зоддог байсан. Тэднийхээ төлөө гэж зодуурыг нь тэвчдэг байсан ч байнга намайг зодуулж байгааг харсан хүүхдүүд ямар их сэтгэлзүйн дарамтад байсныг би хожим ухаарсан даа. Нөхрийн ээж хүүхдүүдэд минь “Танай ээж муу хүмүүсийг хорьдог шоронд байгаа. Ирэхгүй” гэж хэлсэн байсан. Би эндээс гарч хүүхдүүдтэйгээ Хөвсгөлд амьдарна. Энд сургалтад оёдлын сургалтад сууж, чадамжийн гэрчилгээ ч авсан” гэлээ.


Эргээд охиныхоо хайртай аав нь болж, халуун тэврэлтийг нь мэдрэхийг хүсэж байна
Эмэгтэйчүүдийн хорихоос гараад түүнтэй хаяа залган байрлах Баривчлах байраар орлоо. Энд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр иргэнтэй уулзаж, хүчирхийлэл үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн талаар ярилцахыг зорьсон юм. Эдгээр иргэд  зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдаж, өөрсдийн алдааг ойлгож байгаагаа хэлээд мөн тэдний алдаа дутагдлыг бусад хүн бүү давтаасай гэсэн сэтгэлээр бидэнтэй уулзахыг зөвшөөрснөө ярианыхаа эхэнд онцолж байлаа.
Эндээс гараад хамгийн түрүүнд охинтойгоо хамт хоолонд орж, дуртай тоглоомыг нь авч өгөөд гадуур зугаална гэж бодож байгаа. Охиноо маш их санаж байна хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байранд шүүхийн шийдвэрээр 30 хоног саатуулагдаад буй Л.Э ярилаа.
Л.Э, “Мөнгө санхүүгийн дутмаг байдал, хардалтаас болж эхнэртэйгээ муудалцдаг байсан. Хадам ээж манайд амьдардаг тул маргаан үүсэхэд мэдээж охиноо өмөөрнө. Ингээд л үл ойлголцол улам даамжраад бухимдсандаа ширээн дээрх юмыг авч шидэж, эхнэрийнхээ гараас чанга атгасан. Энэ мэт үйлдлээс бол охин минь надаас хөндийрч эхэлсэн. Монголчууд “аав амьтай” гэж ярьдаг шүү дээ. Миний охин “аав амьтай” байсан ч хэрүүл маргаанаас болж 6 настай охин минь надтай утсаар ч ярихаа больж эхэлсэн. Энэ миний хамгийн том алдаа. Бүх алдаагаа залруулж, бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байна. Эхнэртэйгээ ч анх танилцаж байсан үеийнхээ тэр нандин харилцааг сэргээе гэж ярилцсан байгаа. Эргээд охиныхоо хайртай аав нь болж, халуун тэврэлтийг нь мэдрэхийг хүсэж байна” гээд нулимсаа арчив.
Харин тус байранд хоригдож буй Н.Б, “Би хардалтын улмаас эхнэрийнхээ ажил дээр согтуу очиж агсам тавьж, шүүхээр шийтгүүлсэн. Энд 25 хоног байхдаа бүх л амьдралаа бодлоо. Би эхнэртэйгээ 13 жил амьдарч, 4 сайхан хүүхдийн аав ээж болсон. Энд байх хугацаанд эхнэр 3 удаа ирж уулзаж, ярилцаж ойлголцсон. Гараад гэр бүлээрээ зугаалахаар төлөвлөж байгаа. Хүүхдүүд минь ч намайг санаж байгаа. Би ч тэднийгээ маш их санаж байна. Энд сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх олон сургалтад хамрагдаж, засал хүмүүжлийг ч олж байгаа” гэлээ.


Хүүхэд бүр аав ээжтэйгээ аз жаргалтай амьдраасай
            Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг, эхийн хайр халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдэг. Үүнээс болж, хүүхэд эзэнгүйдэж, сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй гаж зан үйлд татагдан орох нөхцөлийг бүрдүүлдэг. Аав, ээж нь салсны улмаас хараа хяналтгүй үлдсэн, эсхүл хүчирхийлэл үйлдэгчээс зугтсан хүүхдүүдийг хамгаалах асрамжийн газар, Хүүхэд хамгааллын төв Монгол Улсад олон бий. Ингээд бид Баривчлах байрнаас гарч, хүүхэд хамгааллын чиглэлээр 50 жил ажиллаж буй “Өнөр бүл” төвийг зорьсон юм. Тус төвд жилд 200-210 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг байна.
            Бид хүүхдүүдээ өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүй ч ганцхан зүйлийг өгч чадахгүй. Тэр нь төрсөн аав, ээжийн хайр хэмээн “Өнөр бүл” төвийн албаны дарга Д.Загарсүрэн яриагаа эхлүүллээ. Тус төвд ирж байгаа хүүхдүүд бүгд гэр бүл салалт, хүчирхийлэл зэргийн улмаас үүдсэн сэтгэл зүйн хувьд асар хүнд гэмтэлтэй ирдэг байна. Тиймээс сэтгэл зүйн үйлчилгээг зөв хийх нь маш чухал гэдгийг тэрбээр онцолсон юм.
“Өнөр бүл” төвийн албаны дарга Д.Загарсүрэн, “Өнөөдрийн байдлаар манай төвд 160 хүүхэд байгаагаас 60 гаруй хувь нь аавтай, ээжтэй. Гэхдээ гэр бүл салалтаас шалтгаалаад манай төвд ирсэн байгаа юм. Салалтаас үүдээд хүүхэд хохироод хоцорч байхад эцэг эхэд нь ямар хариуцлага тооцож байна вэ. Хүүхэд нь энд ирснээс хойш аав ээж нь эхний нэг жил ирж уулздаг. Тэгээд л өөр амьдрал зохиогоод, үр хүүхэдтэй болохоороо ирэхээ больчихдог. Үүнээс болоод хүүхэд давхар сэтгэл зүйн дарамтад ордог. Тиймээс манай төвд одоо 3 сэтгэл зүйч ажиллаж байгаа ч хүрэлцэхгүй байна. Яг нормоор бол нэг сэтгэл зүйч 15 хүнтэй харьцах ёстой байтал манай төвийн нэг сэтгэл зүйч 50 гаруй хүүхэд хариуцаж байна. Энэ бол ажлын асар их ачаалал үүрч байна гэсэн үг” хэмээн ярилцлаа.
Тус төвийн Номын сангийн үйл ажиллагаатай танилцахаар Д.Загарсүрэн багшийн хамт ороход “Багшаа хичээлдээ явах цаг боллоо. Би явлаа шүү” гэсээр тосож угтсан 5 дугаар ангийн сэргэлэн охин Н бидэнтэй ийн яриа дэлгэлээ. Тэрбээр, “Би эгч, дүүтэйгээ хамт “Өнөр бүл”-д ирээд таван жил болж байна. Дүү маань 3 дугаар ангид сурдаг. Өмнө нь бид нар аав ээжтэйгээ тоглоомын талбайд тоглож, гадуур зугаалж, аз жаргалтай байсан. Аав, ээж хоёр салснаас болоод бид хамт байж чадахаа больчихсон” гээд дуугаа хураав. Хэсэг чимээгүй суусны дараа, “Би энд дүүгээ сайн харж байгаа. Дүү минь аав ээжийгээ их санадаг. “Өнөр бүл” төв гоё ч гэсэн аав ээжтэйгээ, эгчтэйгээ, дүүтэйгээ халуун дулаан гэртээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Ер нь хүүхэд бүр аав ээжтэйгээ аз жаргалтай амьдраасай” гэсэн юм.
Үр хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах нь эцэг эхийн насан туршийн үүрэг
Хэдийгээр гэр бүл салсан ч үр хүүхдийнхээ бие бялдар, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах нь эцэг эхийн насан туршийн үүрэг. Тиймээс ч шүүхээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо 11 хүртэлх насны хүүхэдтэй бол амжиргааны баталгаажих түвшний 50 хувь буюу 156700, 11-ээс дээш насны хүүхэдтэй бол 313400 төгрөг төлөх үүргийг хүлээлгэдэг.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны 2 дугаар сарын байдлаар шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн 12 690 иргэн байна. Үүнээс 5282 нь тэтгэлгийг цаг тухайд нь төлдөг бол 7678 иргэн тэтгэлгийг бүрэн төлөөгүй байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье. Хүүхдийн тэтгэлэг хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгуулж, 300 гаруй иргэний тэтгэлгийг төлүүлжээ. Гэвч эцэг, эх байх үүргээ бүрэн ухамсарлаагүй 7000 гаруй иргэнээс болж, 10000 гаруй хүүхэд өнчрөл хагацлын зовлонг амсахаас гадна хүүхдийн тэтгэлгээ авч, ирээдүйдээ хөрөнгө оруулж ч чадахгүй байна.
Гэрлэлт гэдэг нь хувь хүний сайн дурын үндсэн дээр бий болдог хэмээн олон улсын гэрээ конвенцод заасан байдаг. Гэр бүл салалт ч ялгаагүй. Гэхдээ гэр бүл салалт эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд үзүүлж буй сөрөг, сэтгэлзүйд асар том гэмтэл учруулж, тухайн хүүхэд цаашлаад буруу замд татагдаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байгаа нь Монгол Улсын тулгамдаж буй том асуудлын нэг болоод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтэд бэлтгэх сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээг бий болгох шаардлагатай гэдгийг судлаачид онцолж байна. Энэ нь ч эх орныхоо ирээдүйд оруулж, мянга мянган хүүхдийг элэг бүтэн амьдруулах хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд