loader

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 17 дахь дугаар

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасны “... 41.1.3, ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Дүрэм батлах тухай, Зөвлөлийн ажиллах журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг баталсан бөгөөд цацраг идэвхт хаягдалтай холбогдолтой үйл ажиллагаанд ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт хаягдлын менежментийн байгууламжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтооход энэ дүрмийн зорилго орших юм. Мөн Зөвлөлийн ажиллах журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан “Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам”-аар Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд