loader

Төрийн мэдээлэл эмхэтгэл


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт 
Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна. Тус тогтоолоор Монгол Улсын Их Хурал 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон хамт баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авчээ. Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигуудаар Цолмонгийн Амарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Баяраагийн Булгантамирыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Бэхбатын Наранжаргалыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Рагчаабазарын Баярхүүг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ. 

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох журам”-аар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.3 дахь хэсэгт заасан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглах зөвшөөрөл олгох, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсны төлбөрийн зохих хувийг нөхөж олгохтой холбогдох харилцааг зохицуулах юм байна. Харин “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх журам”-аар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээд болон хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас мэдээллийн нэгдсэн санд ирүүлэх мэдээллийн агуулга, давтамж, мэдээллийг баталгаажуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд