loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сургалтын хөтөлбөрт үнэлэлт өгөх, хөтөлбөрийг сайжруулан боловсруулах, “Аюулгүй байдал судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” бакалаврын сургалтын хэрэгцээнд сурах бичиг боловсруулах үүрэг бүхий “Хамтарсан ажлын хэсэг” байгуулах тушаалд өнөөдөр /2022.12.13/ гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), бригадын генерал Д.Дамдинцэрэн, Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургууль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн бие бүрэлдэхүүнийг бэлтгэж байгаа бааз сургууль юм. Тиймээс байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгох, сургалтын явц үр дүнг үнэлэх, судалгааны ажлын чиглэл зэргийг захиалагч байгууллагын зүгээс өгч ажиллахаа илэрхийллээ.

Мөн цаашдын хамтын ажиллагаандаа ил тод, нээлттэй байж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, үр дүнг нэгтгэн хэлэлцэж, дэмжин туслах зарчимд тулгуурлан үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон, үр нөлөөг эрхэмлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Харин Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сонсогч, суралцагчдын сурч боловсрох эрхийг хангах, алба хаагчдын ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуульд 4 танхимыг тохижуулж өгсөн нь Дотоод хэргийн их сургуулийн жишиг тохижилттой сургууль болгосон гэдгийг онцлов.

Үйл ажиллагааны үеэр Дотоод хэргийн их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор (Ph.D), бригадын генерал Д.Дамдинцэрэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулга, мэдээлэл хийсэн бөгөөд “Аюулгүй байдал судлал”-ын чиглэлээр алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлсэн.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд тус сургуулийн зарим багш, алба хаагчдыг шагнаж, урамшуулсны зэрэгцээ тус сургуульд шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд