loader

ЗАЛРУУЛГА

Д.Монголхүү нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сошиал орчинд “Гүтгэж ялтан болгосон, одоо гүтгэж хоригдол болгоно гэнэ”, “Шөнийн 23:00 цагт унтаж байхад оосор тайлагдлаа гэж гүтгээд өглөө нь 8:00 цагт хууль биелүүл гэж шаардаад, маргааш нь хорих ялаар солих гэж байгаа юм уу” гэх утга бүхий мэдээллийг сошиал орчинд нийтэлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Д.Монголхүүд 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн.
Д.Монголхүүгийн ялыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:27 цагт эхлүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн Зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилтийг ханган, хяналт тавин ажиллаж байна.
Тус ялаар шийтгүүлсэн ялтнуудад тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Цахим хяналт, удирдлагын төв” 24 цагаар тасралтгүй техникийн, мөн шийдвэр гүйцэтгэгч нар биечилсэн хяналтыг тус тус тавьж ажилладаг.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтанд биечилсэн хяналтыг өдөр, шөнийн аль ч цагт явуулж болно гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Х.Энхсувд Баянзүрх дүүрэгт ял эдэлж байгаа ялтнуудад биечилсэн хяналт тавьж ажилласан.
Энэ үеэр тухайн дүүрэгт ял эдэлж буй Д.Монголхүүгийн цахим бугуйвч хөдөлгөөн хийгээгүй буюу улбар шар төлөвт шилжсэн байсан тул тус өдрийн 11:17 цагт бугуйвчийг гарнаас тайлж, шалган, хэвийн болгон буцааж зүүж өгсөн. Энэ талаарх анхааруулга /системд бугуйвчийн оосор тайлагдсан, бүсийн хязгаарт 200м ойртсон, бүсээс гарсан, цэнэг дууслаа 5 хувь, яаралтай цэнэглэнэ үү гэх анхааруулга зөвхөн гар бугуйвчинд ирдэг/ мессеж цахим бугуйвчинд ирсэн болно.
Мөн бүх нийтийн амралтын өдрүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн хэрэгжилтийг хангах, хууль, журамд заасан үүргээ биелүүлэх, цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд ял эдэлж байгаа зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт ялтнуудад сэрэмжлүүлэг мессежийг нэгдсэн байдлаар илгээсэн.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд