loader

Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын хүмүүжигч сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид, “Асрал” ТББ, “Амин хүүхэд” ТББ, “Кристина нобель” хүүхдийн сангийн төлөөлөгч нар оролцлоо. Энэ үеэр Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Э.Тамир багш, хүмүүжигч сурагчдад сурлага, хөдөлмөрийн амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хүмүүжигч сурагчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг ирсэн зочид, төлөөлөгчдөд сонирхуулсан юм. Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын хувьд хүмүүжигч сурагчдыг соён гэгээрүүлэх, тэдний сурч боловсрох, суурь боловсрол эзэмших эрхийг хангах чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал хүүхдийн нас, сэтгэхүйд зориулсан ном сурах, бичгийг нээлттэй судлуулж, тэмдэглэл хөтлүүлэн дараа нь уншсан номынхоо хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Тэд хүмүүжих хугацаандаа ерөнхий боловсролын хичээл сургалтад бүрэн хамрагдаж, тодорхой хэмжээнд сургалтын ахиц гарган, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож, их, дээд сургуульд элсэн суралцах боломжоор хангагддаг. Мөн сонирхолд нь тохируулан уран зураг, гар урлал, хайчилбар, хөгжим, талх, нарийн боовны дугуйлан секцэд тогтмол хамруулж, тэднийг хөгжүүлэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх чиглэлээр онцгойлон ажилладаг. Өнгөрсөн хичээлийн жилд 12 дугаар ангийг 7 хүмүүжигч сурагч амжилттай суралцаж төгссөн төдийгүй тэдний 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдан Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцахаар болсон.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд