loader

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА"-НЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ШШГБ-ЫН АЛБА ХААГЧДЫН ЖАГСААЛ ОРОЛЦЛОО

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жил, “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Уг ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ШШГЕГ, ХХЕГ, ОБЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4,000 гаруй алба хаагч оролцов. 


Тус жагсаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 107 алба хаагч оролцсон бөгөөд жагсаалыг 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан командлан алхлаа.

Төрийн далбааны өдөрт зориулсан уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, 2009 оноос эхлэн “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг Үндэсний их баяр наадмаар ёслон тэмдэглэж, алтан соёмбот төрийн далбаагаа цэнгүүлэн мандуулж, гүн хүндэтгэл илэрхийлдэг болсон билээ.

Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий дахинаа сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёс, түүхэн уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой юм.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд