loader

ШШГБ-ын ажилтны өдрийг жил бүрийн долдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь анх 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ардын намын төв хороо болон Түр засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаар Шүүх яам байгуулагдахад тус яамны ерөнхий хэлтэст “Гяндан хороо” нэршилтэйгээр байгуулагдсан түүхтэй.

Түүхэн баримтаас үзвэл “Гяндан хороо” буюу одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг эмхэтгэн байгуулах, үйл ажиллагааг бэхжүүлэх, тогтмолжуулах, үүрэг гүйцэтгэх дарга, харуул, бусад алба хаагчдыг томилох, зэвсэг техникээр хангах, орчин нөхцөлийг сайжруулах ажил 1921 оны 07 дугаар сарын 10-наас 22-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг.

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүссэн цаг хугацаа, түүхэн замналтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн долдугаар сарын 22-ны өдөр” тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.

Уг тэмдэглэлт өдрөөр иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна байгууллагын үндсэн чиг үүрэг, алба хаагчдын ажлын онцлогийг сурталчлан таниулах, алба хаагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж, тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд цаашид энэ ажил, арга хэмжээг ийнхүү албан ёсоор уламжлал, шинэчлэлтэй хослуулан зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд