loader

“Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжилга

МИНИЙ ХҮҮ ЗҮРХЭЭ ЯАГААД БОРООР БУДСАН ЮМ БЭ?

     “Зүгээр л... Тэр өдөр жаахан муухай өдөр байсан юм. Би танд дараа хэлье” гээд хүмүүжигч хүү дуугаа хураав. Ахлах дэслэгч Б.Анхтуяа хүүтэй ярилцлаа. Төд удалгүй хүүгийн царай арай дээрдэж, биеэ барьсан байдал нь чөлөөтэй болсон байв. Тэдний яриаг сонсвол “Үнэндээ би тэр өдөр ээжийгээ л их хүлээсэн. Эргэлт ирэх өдрийг ямар их хүлээсэн билээ дээ. Ээж утсаар холбогдохдоо очно л гэсэн. Гэхдээ ирээгүй. Тэгээд би энэ хэсгийг нь бороор будсан юм” гэж хэлээд ахиад л уйтгарлачихав.

Өндөр уулс, томоо цагаан үүл, цэнхэр далайн зурагт ханан дээр Төрийн сүлд залагджээ. Нөгөө хананд нь Ногоон дарь эх бурханы зураг харагдав. Хүүхдүүдийн зурсан зураг, цэцэг, бэлэг дурсгалын зүйлсээр дүүрэн чамин тэр өрөө бол сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяагийнх юм. Түүний өрөө хүмүүжигч хүүхдүүдийн орох хамгийн дуртай өрөө нь гэнэ. Чихмэл тоглоом өрсөн жижигхэн буйдан дээр тэд суугаад олон зүйлийн талаар ярилцана. Сэтгэл зүйн сорилтууд, дасгал ажил, терапи, зургаар сэтгэл засах нь эдгээр хүүхдүүдэд хамгийн сонирхолтой байдаг талаар сэтгэл зүйч онцлов. Ширээн дээр тавьсан өнгийн харандаанууд элэгджээ. Жижиг жижиг ном, сэтгүүл дүүрэн. Ягаан тавганд нь өнгө, өнгийн цаастай чихэр байв. Хүмүүжигч хүүхдүүдэд зориулж тэр тавгаа үргэлж дүүргэж тавьдаг гэнэ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн хэлтсээс бэлтгэн хүргэдэг “Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжилгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяагийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

Дэлгэмэл цөөн хэдэн цаасан дээр түүний ажил алба, үр дүнгийн талаар бичихэд үнэхээр чамлалтай. Хүн хуруугаа зүсэхэд шархаа эмчилж болдог. Харин сэтгэл шархлахад эдгэрэл нь маш удаан байдаг хэмээн Б.Анхтуяа яриандаа дурдав. Түүний хэлснээр гэр бүлийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, архидалт, салалт нь хүүхдийн хүмүүжил, цаашлаад ирээдүйд асар их хор нөлөө үзүүлж байгаа гэнэ. Хүүхдээ үл хайхарч, тоомжиргүй орхисноос болж тэд болчимгүй үйлдэл хийх нь их.

Биднийг очиход ахлах ангийнхан биеийн тамирын хичээлдээ орж байв. Цэнхэр хувцсаар жигдэрсэн тэд гаднаас ирсэн биднийг ихээ сонжин харна. Хэдийгээр эрхээ хасуулсан ч тэдний сурч боловсрох эрх нээлттэйгээс гадна олон төрлийн дугуйлан секцүүдэд хамрагдаж, өөрсдийгөө хөгжүүлдэг байна. Хүмүүжигч хүүхдүүд энд ирээд хичээлдээ сайжирсан талаараа ярьж байлаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авч, их дээд сургуульд элссэн олон хүүхэд бий.

Сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяа хүмүүжигч хүүхдүүдтэй 45 хоногийн морин хуурын сургалтад хамрагджээ. Гитар тоглох, хуурдах үед нь хүүхдүүдтэй илүү ойртдог гэнэ. Заримдаа хүүхдүүдийн хумс, ариун цэвэрт хүртэл анхаарахаас өөр аргагүй болдог хэмээн инээмсэглэв. “Би ажилдаа үнэхээр дуртай. Хүний сэтгэлийг уудалж, ганцаардлыг нь хуваалцах, тэд надад итгэж бидэнд нандин холбоо үүсч байгаа нь миний ажил мэргэжлийн сайхан тал. Сэтгэл зүйч, дээрээс нь би энэ байгууллагадаа ажиллаж байгаадаа амьдралд талархдаг. Хүн бүрт олдоод байхгүй ховор боломж гэж хардаг. Тэвхийтэл цэргийн хувцсаа өмсөөд мөр цэх, хараа дээгүүр алхах сайхан” хэмээн тэрбээр албаараа бахархдаг талаараа ярив.

Хүний л амьдрал юм хойно эрээнтэй, бараантай, сайнтай, муутай олон л үйл явдал тохионо. Тэдний дунд амьдын хагацал шиг хүнд хэцүү зүйл үгүй билээ. Хүмүүжигчдийн өвөө, эмээ, эцэг, эх, ар гэрийнхнээс бурхан болох тохиолдолд тэдэнд дуулгах хамгийн хэцүү байдаг гэнэ. Энэ оны нэгдүгээр сард сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяа шашны зан үйлийн өрөө тохижуулжээ. Хүмүүжигч хүүхдүүд зул өргөх, хүрд эргүүлэх, бясалгал хийх зэргээр тэр өрөөнд орох нь элбэг.

Саяхан элсэлтийн ерөнхий шалгалтын монгол, хэл бичгийн шалгалтад хүмүүжигч Х 600 гаран оноо авчээ. Эхний шалгалтаа амжилттай давсан тэрбээр өдөр бүр хичээлээ давтаж, багш нарынхаа ачаар олон зүйл сурч байгаадаа баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрбээр өмнө нь хичээлдээ тааруухан, гэрийн даалгавар огт хийж байгаагүй гэнэ. Энд байгаа хугацаандаа хичээлдээ улам илүү шамдаж, маш сайн сэтгэл зүйч болно гэлээ. Тэд мөн зураг зурах дуртай.


Тус байгууллагын дарга, хурандаа Г.Тамир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20 гаран жил ажиллаж байгаа бөгөөд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад томилогдоод сар гаран болж байгаа аж.  Түүний хэлж байгаагаар өршөөлийн хууль гарсантай холбогдуулаад хүүхдийн тоо цөөрчээ. Хүүхдүүд шийдвэр гаргахдаа нухацтай, аливаа юмыг эргэцүүлэн бодохгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө ханддаг нь  алдаа болдог байна. Эцэг эхийн анхаарал халамж бага, үл хайхрах байдалд орсон, гэр бүлийн таагүй орчинд өсөж торнисон хүүхдүүд сургууль завсардаж буруу замаар орсон байдаг талаар тэр ярилаа. Өлссөнөөсөө бусдад уруу татагдаад янз бүрийн байдлаар хулгай хийх, бэлгийн ёс бус харьцаа үүсгэх, хүчиндэх болон дээрэм, танхайн хэрэг их хийдэг байна. 

Хурандаа Г.Тамир энд байгаа хүүхдүүдийн бие нь өндөр болоод том болж байгаа ч оюун ухаан сайн төлөвшөөгүй байгаа яг энэ эгзэгтэй үед нь зөв хүн болгож хүмүүжүүлж, бурууг нь сайн ойлгуулж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх нөхцөлийг нь тавьж өгөх нь чухал гэв. Тиймдээ ч хүүхдүүдийн суурь боловсролд түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа сургалт руу чиглүүлнэ гэдгээ хэллээ.



Сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяа энд хүмүүжиж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүчингийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгэл авсан байдаг. Манай монголчуудын хүүхэдтэйгээ ярилцдаггүй, аливаа зүйлийг болохгүй, буруу, гэж хааж боохоос биш үр дагаврынх нь талаар огт тайлбарлаж ярилцдаггүй, зарим зүйлийг хэт хаалттай байлгаснаас болж хүүхэд сонирхлын журмаар алдаа гаргасан байдаг гэв. Тухайлбал, сошиал орчны хяналт шүүлтүүргүй элдэв садар самуун бичлэг, янз бүрийн томчуудын сайт, группэд тавигдаж байгаа зүйлсийг хүүхэд шууд хүлээж авч сонирхдог байна.

            Түүний ажил хүмүүжигч хүүхдүүдийн дунд бужигнана. Өглөө ажилдаа ирээд л хашаагаар орохоос эхлээд хүмүүжигчдийн нүдийг ажигладаг байна. Сэтгэл гундуухан байгаа нь илхэн байдаг аж. Ихэнхдээ эргэлтээр эцэг, эх нь ирээгүйгээс болоод хүүхдүүд хямарч тавгүйтдэг гэнэ. Сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяа ханьтайгаа хүүхдүүдийн төрсөн өдөр бялуу хувааж, дуу дуулж өгөн тэдний тэмдэглэлт өдрийг баяр хөөртэй байлгах гэж аль болох хичээдэг гэлээ. Эгэл нэг ажлын өдрийн тэмдэглэлийг энд хүргээд өндөрлөе. Бодох, ухаарах, сэрэх олон мэдрэмжид автсан ийм нэг өдөр ийнхүү өнгөрөв.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд