loader

Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА БАЙГАЛЬ ЭХДЭЭ 100 САЯ МОДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил, арга хэмжээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ойн инженер Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

            “100 сая мод” хөтөлбөрийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  “100 сая мод” хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний зорилго бол энэ хугацаанд дээрх хөтөлбөрийг ойрхог чанарыг сайжруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар байгаль, экологи, хүний эрүүл мэндэд үр ашигтайгаар, үе шаттай зохион байгуулахад оршиж байгаа юм.  Тухайлбал салбар, нэгжүүд тус бүрдээ төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлаа хангаж эхлээд байгаа. Одоогийн байдлаар 350 мянган ширхэг бургас, улиасны мөчрийн тарьц бэлтгэсэн. Үүний 200 мянгыг орон нутагт, үлдсэнийг нь нийслэлд татан авчрахаар төлөвлөсөн. “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн байршилд алба хаагчид харандаа үрсэлгээ болон шинэсний суулгацаар тариалалтыг 2022 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Зургадугаар сард хайлаасны үрийг түүж, үрсэлгээг бэлтгэн намрын улиралд хүлэмжид болон ил талбайд тариалалт хийнэ. Орон нутгийн анги, салбар нэгжүүдийн хувьд тус тусдаа хөрс бэлтгэх, хашаалах, усалгаа зэргийн асуудлаа цогцоор шийдвэрлэн ажиллаж байна.

            Хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа вэ?

            Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа салбар, нэгжийн алба хаагчид болон хоригдол, ялтнуудад тарьц, суулгац, мод, жимс, жимсгэнийг хэрхэн тарих, арчилж, хамгаалах чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шаардлагатай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн орон нутгийн хорих анги, байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд мод, жимс, жимсгэнэ тарих, тариалалт хийх газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна хорих ангиудыг түшиглэн мод, жимс, жимсгэнэ, үрсэлгээний судалгаа, үржүүлэлтийн түшиц газрыг бий болгох зэрэг бусад чиглэлээр хамтран ажиллана.  

            100 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байгаа алба хаагчид болон хоригдлуудыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

            Манай байгууллага ХААИС-ийн Агроэкологийн сургуультай гэрээ байгуулаад алба хаагчдыг 14 хоногийн сургалтад хамруулсан. Сургалтаар мод үржүүлгийн газрын зохион байгуулалт, модлог ургамлын үрийн тухай ойлголт, ойн эко систем, хөрсний онцлог, агро ойжуулалтыг зохион байгуулахад уур амьсгалын нөлөө зэрэг нийт 14 төрлийн сургалт явуулж, амжилттай суралцагчдад гэрчилгээ олгосон. Харин “Ойжуулалт, Агро-Ойжуулалт, “Таримлын агротехнологи”, “Усалгаа”, “Бордоо”, “Ургамал хамгаалал”, “Арчилгаа” сэдвээр 1170 хоригдлыг цахим сургалтад хамруулсан. Цаашид үргэлжлүүлэн давтан сургалтад хамруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод бусад мэргэжлийн байгууллагуудтай тууштай хамтран ажиллаж байна.

            10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ. Байгаль орчин, экологи, цаашлаад иргэдэд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

            “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 10 хувийг нь тарьж ургуулна. Бид улс, эх орныхоо өмнө тангараг өргөж, үүргээ биелүүлж яваа. Үүний зэрэгцээ эх дэлхийдээ бүтээн байгуулалт хийх ажилд гар бие оролцож байна. Нөгөө талдаа хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хоригдол, ялтнуудыг мод тарих үйлсэд татан оролцуулж, эх дэлхийдээ ойр байх, нийгэмших, нийтэд тустай ажил хийх боломжоор хангаж байгаа. Өөр нэг давуу тал бол Төв аймгийн Мөнгөнторьт сум дахь 417 дугаар нээлттэй хорих анги, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд өмнө нь мод үржүүлэг болон бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Үүнийг давуу тал гэж харж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ойн сан нэмэгдэж, байгаль экологид үнэтэй хувь нэмэр оруулна. Цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс хүн бүр мод тарих хөдөлгөөнд гар бие оролцож, байгаль экологио тэнцвэржүүлж, ногоон амьдралын хэв маягтай болно гэж бодож байна. Сонирхуулж хэлэхэд нэг га талбай бүхий ой 18 мянган сая шоо метр агаар цэвэршүүлдэг. Тэгэхээр 100 сая мод тарих нь байгаль эхдээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж харж байна.

Мод тарихад болон тариалалтыг үр дүнтэй болгоход юунд анхаарах вэ?

            Модыг үрээр, тарьц суулгацаар, мөчрийн тарьц болон ногоон мөчрөөр гэсэн төрлөөр тарих боломжтой. Үрээр тарихдаа тухайн үрний гарал үүсэл, гадаад морфологи шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, чанарын зэрэглэл зэргийг  гэрчилгээний бичгээр нь нягтлах нь чухал байдаг. Харин суулгацын тухайд үндэс нь шалбарч гэмтээгүй байх шаардлагатай. Тухайн бүс нутагт мод тарилт хийх гэж байгаа тул газрынх нь онцлогт тохирсон модны төрөл зүйлээр тарилт хийвэл илүү үр дүнтэй байдаг.

            Модны онцлогоос шалтгаалж, хөрсийг өөр өөрөөр бэлтгэх ёстой байдаг уу?

            Хөрсний тухайд 50 хувь нь хар шороо, 30 хувь нь элс, 20 хувь нь хөх бууц гэсэн орцтой байдаг. Гэхдээ энэ нь шилмүүст мод болон навчит модны тухайд өөр өөр байна. Тухайлбал заг модыг тарихдаа элс давамгайлсан байх жишээтэй.

            Модыг тарьж ургуулахаас гадна арчлах нь чухал байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

            Эхлээд мод тарихаар сонгосон газрынхаа усалгааны асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Мөн өвчин хортонтой тэмцэх, зургадугаар сарын дундуур тариалсан модны ургалт, өсөлтөд нь анхаарал хандуулж, хөл газрын ургамалтай тэмцэх нь чухал. Долдугаар сарын дунд үед хөрсөө сийрүүлж, ус, агаар нэвтрэх боломжоор хангах нь ургалтыг дэмжих ач холбогдолтой. Үүнээс гадна ургуулсан модондоо тохирсон бордоогоор бордох нь ургалтын чанарыг сайжруулна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд