loader

“Цэргийн алба хаагчид цол олгох журам” батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 тоот захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, мөн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын төлөөл оролцон ажилласан юм.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл орж ажилласан бөгөөд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллаж, цэргийн цол олгох асуудал ямар түвшинд байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, холбогдох судлагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажилласан.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийт 7 удаа хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрч, журмын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар зарлигаар “Цэргийн алба хаагчид цол олгох журам”, мөн журмын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар захирамж тус тус батлагдлаа.

“Цэргийн алба хаагчид цол олгох журам” батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, түүний хэрэгжилтийг хангах захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авлаа.

Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн цэргийн байгууллагуудын нэгэн адил цэргийн цол хэрэглэх эрх зүйн байдлаа үргэлжлүүлэн хангах юм.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав журмыг мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх үүрэг чиглэлийг харьяа алба, хорих анги, газар, хэлтэс, салбар нэгжүүдэд хүргүүллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд