loader

ШШГЕГ-ын харьяа 405-р хаалттай хорих ангийн алба хаагчид цусаа бэлэглэв

ШШГЕГ-ын харьяа 405-р хаалттай хорих ангийн алба хаагчид өнөөдөр ЦССҮТ-д цусаа бэлэглэв. Тус хорих ангийн хамт болон ЦССҮТ-д дөрөв дэх жилдээ цусаа өгч байна. Халдвар хамгааллыг сахих зорилгоор нийт ажилтнуудаа гурван хэсэгт хуваан, цусаа өгч байв.
405-р хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан П.Баяраа “Манай хамт олон 2017 оноос хойш улиралд нэг удаа цусаа бэлэглэж байна.
Би 20 удаа цусаа бэлэглэсэн. Ажлынхандаа цусны донор болохыг  уриалахад манай удирдлагууд дэмжсэн юм. Манай хорих ангид нийт 100 орчим алба хаагч ажилладаг. Тэдний 80 хувь нь 35 хүртэл насны залуучууд байдаг. Улирал тутам цусаа бэлэглэх нь манай байгууллагын соёлын нэг хэсэг болсон. Цусаа өгөх нь хамгийн том буян. Үхэл амьдралын заагт ирсэн, хүнд өвчтөнүүдэд тусалж байдгаараа өөрөөрөө болон хам олноороо их бахархдаг” гэв.
405-р хаалттай хорих анги нийслэлээс 60 км-ын зайтай оршдог. Бүх насаараа хорих ял шийтгүүлсэн хоригдлуудыг энэ ангид хорьдог онцлогтой.
Манай улсад ШШГЕГ байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 3000 орчим албан хаагч энэ салбарт ажилладаг юм. Сэтгэл зүй, бие бялдрын шаардлага хангасан, ДХИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн залуус төрийн тусгай үүргийг гүйцэтгэгч болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад ажилладаг.                       
Манай улсад сүүлийн жилүүдэд сайн дурын, авлагагүй доноруудын тоо өсөж, 33 мянгад хүрээд байна. Энэ хэрээр цус, цусан бүтээгдэхүүний хангамж өсжээ. Гэвч зарим төрлийн цусан бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломжгүй тул доноруудын тусламж, харамгүй сэтгэл хэзээ ч илүүддэггүй гэж цусны салбарынхан онцолдог юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд