loader

Д.ЦЭЭСЭД: ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ УЛС ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОРИГДЛЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖИЛТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ ЯВЖ ИРСЭН


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан тус байгууллагын ахмадын хорооны тэргүүлэгч, хурандаа Д.Цээсэдтэй уулзаж ярилцлаа. Хурандаа Д.Цээсэд гуай гуч шахам жил хорих байгууллагад алба хаасан төдийгүй, байгуулгынхаа түүхийг бичилцэхэд багагүй хувь нэмэр оруулж байсан эрхэм билээ.

            Тэрбээр багаасаа сэтгүүлч, зохиолч болох хүсэл, мөрөөдөл өвөртөлж явсан ч ажил, амьдралын тохиолоор мөрөөдлөө түр хойш тавьсан ч сүүлийн хориод жил бичих, туурвих ажилдаа шамдан орж түүхэн дурсамж, дуртгал, ярилцлага, яруу найраг, хошин шогийн хориод ном бичиж, хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон төдийгүй  Монголын Чөлөөт зохиолчдын холбооны шагналт зохиолч, МСНЭ-ийн “Ган үзэгтэн”сэтгүүлч, МУСТА, “Сонин хэвлэлийн тэргүүний ажилтан” зэрэг нэр хүндтэй шагналын эзэн,  ахмад уран бүтээлч билээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож буй энэ мөчид та намтар түүхээсээ болон ажилласан он жилүүдийнхээ дурсамжаас хуваалцаач?

            Би чинь их жанжин Сүхбаатарын хөшөөтэй нас чацуу юм шүү дээ. Ардын хувьсгал болон ШШГБ-ын 26 жилийн ойн жил буюу 1947 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт “Аргалын утаа боргилсон” малчны гэрт төрсөн. 27 настайдаа цэрэгт татагдан барилгын цэрэгт алба хааж, 1977 оноос эхлэн Хархорин дахь хорих ангид инженер, Чойр, Дархан, Зайсан дахь хүүхдийн хорих ангийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дунд нь Мөнгөн морьт, Салхит / УБ-ын Туул хороонд/-ын хорих ангид нам, улс төрийн алба хашсан.

            Ажил албаныхаазарим нэг онцлог зүйлийг дурдвал сонин байх болов уу?

            1999-2006 онд Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргаар ажиллах хугацаандаа тус ангийг сургалтын байгуулга болгох үндсийг тавьж, “Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн төрөлжсөн сургалттай, суурь боловсролын 110 дугаар тусгай сургууль” гэсэн гэрчилгээ, батламж авч мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалт явуулах ажлыг өргөтгөн эрчимжүүлж ажилласан түүхтэй.

            Мөн энэ хугацаанд гадаад, дотоодын хүүхдийн болон хүмүүнлэгийн олон байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч 70,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж, сургалтын хоёр байр, номын сан, уншлагын газар, сэтгэл зүйн кабинет, бясалгал, шашны зан үйлийн өрөө, мужаан цех зэргийг шинээр байгуулан ажиллуулж байв. Үүний үр дүнд хүүхдийн хорих анги газрын хэмжээнд анх удаа орон тооны сэтгэл зүйчтэй анги болсны дээр тус ангийн жишгээр одоо бүх анги сэтгэл зүйчтэй болсноор барахгүй бүгдээрээ номын сан, бясалгал, шашны зан үйлийн өрөөтэй болсон байна.

            Энэ бүхэн маань “Хүүхдийн колони” гэдэг харь гаралтай үг хууль эрх зүйн үгийн сангаас хэдийнээ хасагдаж, саяхан хэрэглэгдэж байсан “Насанд хүрээгүйчүүдийг хорих анги” хэмээх нэр томъёо 2017 онд шинэчлэгдэн батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулиар “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага” болж өөрчлөгдөхөд зохих хувь нэмрээ оруулсан байх гэж бодож явдаг.

            Таныг ажиллаж байх үед хоригдлуудыг улс орны бүтээн байгуулалтын ажилд илүү их дайчилдаг байжээ?

            Тийм шүү. Монгол улс тусгаар тогтнож, төрт ёс сэргэн мандсан 1911 онд байгуулагдсан анхны 4 яамны нэг Шүүх яамны харьяанд байсан ял эдлүүлэх байгуулгын он тооллоор бол 110 жил, 1921 оны Ардын хувьсгалын дараа Ардын засгийн газрын Шүүх яамны ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салаа” байгуулсан түүхээр үзвэл түүхт 100 жилийн ой нь ирэх жил тохиох байгууллага маань эхнээсээ л хоригдлыг хөдөлмөрийн төрөл бүрийн бүтээн байгуулалтад чиглүүлж байсан байдаг. Алт, жоншны уурхай, мод бэлтгэл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалангийн салбар, оёдол, гэр ахуйн үйлдвэрлэлийг байгуулах, өргөтгөн хөгжүүлэх үйлсэд Засан хүмүүжүүлэх байгууллага анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн баялаг түүх бий.

            Ялангуяа дайн дажингүй тайван цаг хэдий ч “хүйтэн дайн”-ны үе гэж нэрлэгддэг байсан 1960-1990 оны бүтээн байгуулалтын он жилүүдэд маш өргөн фронтоор үйлдвэрлэл явуулж байсны зэрэгцээ хоригдлыг засан хүмүүжүүлэх талаар их зүйл хийж ирсэн юм. Энд ганцхан жишээ дурдахад  1980-аад оны дунд үе, 1990-ээд оны эхэнд дунджаар 240,0 м3 гуалин бэлтгэж, 120 м3 зүсмэл материал гаргадаг, үүнээс 70-90 м3 гуалин, 40-50 м3 зүсмэл материалыг экспортод нийлүүлдэг, мөн 10 гаруй сая (одоогийн ханшаар 10 тэрбум) төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэдэг байв. Үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний жонш олборлож гадаадад гаргадаг, тоосго, шохой, чулуу, шороон будаг зэрэг барилгын материал үйлдвэрлэдэг байлаа. Тэр үед “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар” барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн цар хэмжээгээрээ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам,  Барилгын цэргийн дараа орж байсан юм шүү.

            Би ярианыхаа эхэнд Сүхбаатарын хөшөөг дурдсан даа. Тэр хөшөөг уран барималч Чоймбол гуай хоригдлуудын хамт барьсан гэдэг. Тэрчлэн Улаанбаатар хотын анхны өндөр байшингийн  нэг болох 1 дүгээр сургууль, ХААИС-ийг хоригдлууд барьсан байдаг.

             Тухайн үед ихэвчлэн ямар гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлдэг байв?

            Тухайн үед хоригдлуудын дийлэнх хувийг халаасны болон малын хулгай, дамын наймаа, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан, авто тээврийн осол зэрэг хөнгөн, хөнгөвтөр гэмт хэрэгт  шийтгүүлсэн хоригдлууд эзэлдэг байсан. Бид чинь алдаж оносон, олон аавын хүүг амьдралд, амжилтад буухиалагчид шүү дээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиглэлүүдийн нэг нь өр төлбөр барагдуулах ажил байдаг, хэл ам дагуулж, шүүмжлүүлдэг салбар?

            Манайд эрх нь хөндөгдсөн хүмүүс их ирдэг. Мэдээж эд хөрөнгөө хураалгаж байгаа хүмүүс баярлалаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Хуулиа дээдэлдэг хуулиас эмээдэг, шүүхийн шатанд төлбөрөө барагдуулдаг хүмүүс ч байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад гэрт нь очихоор нуугдчихсан, орон доогуураа орчихсон эсвэл хүүхдээ гаргаж ирээд уйлуулах, эхнэр, нөхөр хоёр хуурамчаар гэр бүлээ цуцлуулах зэрэг хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд их гардаг. Түүгээр ч зогсохгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хутга мэс гаргаж ирээд өөр рүүгээ далайж, судсаа ханана гэж сүрдүүлдэг ч хүн бий. Янз бүрийн л хүмүүстэй нүүр тулж, хуулийн хүрээнд үүрэг гүйцэтгэж яваа улс. Тэд ч бас ар гэр, амьдралтай гэдгийг ойлгох хэрэгтэй.

            Сүүлийн үеийн уран сайхны кино, хошин урлагийнхны үзүүлбэр тоглолтуудад хорих байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын талаар дэндүү хэтрүүлэгтэй зохиомжилж, албаны талаар нийгэмд асар буруу мэдээлэл өгч байна. Тэнд чинь алдаж эндсэн хүмүүсийг зөв зам руу хөтлөх, нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх, тэднийг мэргэшүүлэх, хөдөлмөрөөр хангах гэхчилэн олон ажлыг зохион байгуулдаг. Хэдийгээр нийгэм даяараа хорих ангийн үйл ажиллагааг шил толь шиг харах боломжгүй ч, буруу ойлголт төрүүлж, албаны нэр хүндэд халдахад сэтгэл эмзэглэж явдаг.

            Таныг хорих ангийн даргаар ажиллаж байх үед хүний нөөцийн асуудал ямар байв?

            Нарийн мэргэжил, өндөр боловсролтой нь ховор ч өргөсөн тангараг, үүрэг зорилгодоо үнэнч, ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, нийгмийн идэвх, ажил, амьдралын туршлагатай хүн олон байсан. Хянагчаар ажиллах хүн олдохгүй. Гурван жилийн цэргийн алба хаагчдыг халагдахаас нь нэг, хоёр жилийн өмнө авч улируулан ахлагч цол олгож хянагч болгодог байлаа.

             Бас нэг хэлүүштэй зүйл бол Засан хүмүүжүүлэх байгууллагаас хүмүүс баахан цэрвэдэг, тэнд ажиллах сонирхол бага байсан цаг үе бий. Энэ бол өнөөх 30, 40-өөд оны аймшигт хэлмэгдүүлэлтийн үеийн айдас, хүйдсийн сүүдэр арилаагүй, хүмүүсийн ой санамжид хадаастай байсантай холбоотой байх гэж боддог. Төрийн нэрийн өмнөөс үүргээ л биелүүлж байгаа болохоос ШШГБ-ын ажилтнууд хүн хэлмэгдүүлээгүй, тэд буруутан биш шүү дээ. Ер нь хорих байгууллагын үйл ажиллагааг тунгалаг шилээр харах боломжгүй ч нөлөөтэй толинд хараад байж бас болохгүй.

            1980-аад оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй, хуулийн мэргэжилтнийг тэр үеийн ЗХУ болон НАХЯ-ны цэргийн суруульд сурган бэлтгэдэг болсон. Бусад мэргэжилтнүүдийг дотоодынхоо их, дээд сургууль, техникум, ТМС төгсөгчдөөс улсын хуваариар авч хангах болсон.

            Одоо бол хорих ангиуд харуул хамгаалалтын болон ял эдлүүлэх ахуй нөхцөлийн хувьд эрс сайжирч олон улсын жишиг, стандартад хүрч, алба хаагчид бараг бүгд дээд, тусгай мэргэжлийн залуус болжээ.

            Та ахмадын хорооныхоо үйл ажиллагааны талаар товч дурдаач?

            Манай ахмадын нэгдсэн хороо 1995 онд байгуулагдсан. 1300 гаруй ахмад ажилтан бий. Харьяа газар, хэлтэс, анги болгон ахмадын зөвлөлтэй.

            Ахмадад зориулсан  “Төр хур” амралт, сувиллын газар Богд уулын аманд ажиллаж байна. Хороо, зөвлөлүүд ахмадуудаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, урлаг, спортын наадам зохиох, аялал, амралт, баяр ёслол, түүхт ойн арга хэмжээнд оролцуулах зэрэг нэгдсэн үйл ажиллагаанд хамруулахын зэрэгцээ орон сууц олгох, шагнал урамшилд хамруулах, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх гэхчлэн олон ажил зохион байгуулдаг.

            ШШГЕГ болон анги, байгууллагууд ахмадуудаа дэмжиж, тал бүрийн туслалцаа үзүүлж байдгийн хамт, одоо ажиллаж байгаа залуусдаа ажил, амьдралын баялаг туршлагаас суралцуулан, ахмад үеийнхний  ажилч, зарчимч, үнэнч шударга зан чанарыг  өвлүүлэхийг хичээж байдагт сэтгэл өндөр явдаг.

            Та залуу хойч үедээ хандаж юу захиж хэлмээр байна?

            Юуны өмнө бидний ажил, үйлсийг залгамжлан нэр төртэй, үр бүтээлтэй авч яваа залуусаа хараад баярлаж,  бахархаж явдгаа хэлье. Төрийн албанд тэр тусмаа цэргийн байгууллагад ажиллах сайхан шүү. Ялангуяа  тэтгэвэрт гарсан хойно “сайхан” нь бүр ч илүү тод мэдрэгддэг юм байна. Би залуустаа хоёр зүйлийг онцлон захъя. Нэгдүгээрт “Уйгагүй хүн уул нүхлэнэ” гэдэг үгийг санаж, энэ албандаа эргэлт буцалтгүй тууштай, итгэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллах хэрэгтэй. Тэгж гэмээнэ зорьсондоо хүрч, улс, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ.

            Мөн өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, ирлэж, өөртөө итгэж, өөрийгөө олохын төлөө хичээж яв. Үүний дотор эрүүл мэндээ хамгаалах, эрүүлийн жаргалыг л жинхэнэ жаргал хэмээн ухаарах явдал хамгийн чухал. Ирэх жил олон байгууллагын 100 жилийн ой тохионо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн түүхт  ойгоо амжилт, бүтээл арвинтай, эрүүл саруул, энх мэнд угтацгаая!

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд