ЭМГЭНЭЛ

zurag-1web

Хошууч генерал Лхамсүрэнгийн Гарамжил

(1946 – 2017)

          Бидний хайрт аав, халамжит хань, өгөөмөр өвөө, хошууч генерал Л.Гарамжил нь хүнд өвчний улмаас мөнх хөх тэнгэрийн орондоо үүрд заларлаа. Хошууч генерал Л.Гарамжил нь 1946 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт төрсөн. Дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургууль дүүргэж:

  • 1971 – 1976 онд ОХУ-д Дотоод явдлын яамны дээд сургууль,
  • 1983 онд тус сургуулийн академийн тусгай факультет,
  • 1986 – 1988 онд мөн сургуулийн академийн удирдлагын факультетад суралцаж төгссөн.
  • Л. Гарамжил нь 1964 – 1967 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуульд багш,
  • 1967 – 1971 онд Улаанбаатар хотын төв гал командад гал сөнөөгч, туслах болон жинхэнэ байцаагч,
  • 1976 – 1981 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн тусгай дунд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1981 – 1983 онд Дорнод аймгийн НАХГ-ын орлогч бөгөөд Цагдан сэргийлэх хэлтсийн дарга,
  • 1983 – 1986 онд Багануур дүүргийн Цагдан сэргийлэх хэлтсийн дарга,
  • 1988 – 1996 онд Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын орлогч, Нийслэлийн цагдаагийн хүрээний захирагч, хэв журмын албаны дарга,
  • 1996 – 2004 онд Хорих байгууллагуудын удирдах газрын дарга, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын дэд дарга,  дарга, Тогтоол гүйцэтгэх газрын дарга,
  • 2004 оноос Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2009 оноос гавьяаны амралтаа авсан.

Л.Гарамжилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 3-р сарын 11-ний өдрийн 42 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ. Л.Гарамжил нь МХЗЭ-ийн XV, XVI их хурал, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгч, Улаанбаатар хот, дүүргийн Ардын Хурлын депутат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр удаа дараа сонгогдож байв. Хошууч генерал Гарамжилын хөдөлмөр бүтээл, хууль ёсыг сахиулахад оруулсан хувь нэмрийг төр засаг өндөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Байлдааны болон ойн медалиуд, Цагдаагийн гавьяа медаль, Багшийн гавьяа одон, Онц хилчин, Хүндэт хилчин тэмдгүүд мөн ЗХУ, ОХУ, БНБАУ-ын медалиудаар тус тус шагнажээ.

Эрхэм генерал Монгол Улсад 1989 оноос эхэлсэн Ардчилсан хөдөлгөөний үеийн олон нийтийг хамарсан хурал, цуглаан, эсэргүүцлийн жагсаал, өлсгөлөн үймээн самууны ээдрээ түвэгтэй, эгзэгтэй хүнд өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хэв журам сахиулах ажлыг удирдан зохион байгуулж, аливаа мөргөлдөөн үүсгэлгүй албан үүргээ чадварлаг гүйцэтгэсэн гавьяатан билээ. 1996 оноос хорих байгууллагууд, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх албыг нэгтгэж одоогийн ШШГЕГ-ийн үндэс суурийг баттай тавьж, удирдлагаар ханган, тухайн үед хорих ангиудад нүүрлээд байсан өлсгөлөн, тураал, сүрьеэ өвчин зэргийн голомтыг Эрүүл Мэндийн Яам болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж устгасан.

Л.Гарамжил нь Монголын хорих байгууллагын нөхөрлөлийг үүсгэн байгуулагч, тэргүүн билээ. Энэ чанараараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шинэтгэлийн бодлогыг цаашид улам гүнзгийрүүлэх, урьд тогтоосон “Олон улсын хорих байгууллагын нөхөрлөл”, “Соросын сан”, Английн хатан хааны хорихын сургууль, БНЧУ-ын “РДП” групп, БНХАУ, Япон, Хонг Конг, Канад болон АНУ-ын хорих ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн юм.

Хошууч генерал Л.Гарамжил нь эр хүний ноён нуруу, бусдын төлөө гэх сэтгэлтэй, шударга үнэнийг эрхэмлэж, эв эеийг хичээдэг, сүүн цагаан сэтгэлтэй, сүлд босоо хийморьлог төрийн хүн байлаа.

Л.Гарамжил нь Цагдаагийн албан хаагч, ялангуяа удирдах албан тушаалтанд байх манлайлал, эр зориг, эрч хүчийг цогцлуулсан шилдэг удирдагч байсан юм.

Таны минь гэгээн дүр, хүнлэг сайхан чанар бидний сэтгэлд үүрд оршиж, үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэх болно.

Ум сайн амгалан байх болтугай

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Цагдаагийн Ерөнхий Газар

Хууль Сахиулахын Их Сургууль

Хань үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд

Scroll To Top