Хууль зүй, дотоод хэргийн салбарын “нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 17-18-ны өдрүүдэд Чингисийн талбайд болж байна. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа 11 агентлаг, байгууллага нийт 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх зорилт дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах  ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна. Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.

haalga01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 05 дугаар сарын 18-ны өдрийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох, суллагдсан хүмүүжигчдийн тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийн ар гэрийнхнийг нь утсаар яриулах, өргөдөл, гомдол хүлээж авах, өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгнө.

haalga02

Мөн хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Scroll To Top