Аяны дүн гарлаа

Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 403, 415, 417 дугаар ангийн хоригдлуудын дунд “Хохирлоо барагдуулаад гэртээ харья” сэдэвт 60 хоногийн аяныг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зарласан билээ.

Хорих ангиудын хэмжээнд ялтнуудын дунд гэмт хэргийн улмаас бусдад  учруулсан хохирол,  төлбөрийг барагдуулж хохирогчийн эрхийг хамгаалах, шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялыг биелүүлэх, хоригдол болон түүний ар гэрээс хохирол төлөх эрмэлзлэлийг бий болгох, хоригдлын сайн дурын байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэхэд ажлыг нь чиглүүлэх зорилго бүхий  дээрхи аянд харьяа хорих ангиуд идэвхи, санаачлагатай оролцсон байна.

  1. Хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 хоригдлын 3 201 990 төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай 3 хоригдлын 628400 төгрөгийн ялыг биелүүлжээ.
  2. Хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги аян  зохион байгуулах комиссыг ангийн даргын тушаалаар томилж,  ажлын хэсгийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, хийх ажлын төлөвлөгөөг хорих ангийн дарга баталж, хяналт тавьж ажилласнаар 11 хоригдлын ар гэрээс 36.450.276 төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлснээс, 10 хоригдлын 29 447 319 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн байна. Хоригдлыг үнэлгээт ажлын байраар хангах ажлын хүрээнд ангийн үйлдвэр, гар урлалын хэсэг, баюу, уурхайд хохирол төлбөртэй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 65 хоригдлыг ажиллуулсан ба цалингаас нь суутгал хийх замаар хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж ажиллажээ. Үүний үр дүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 хоригдлын 5 260 000 төгрөгийн нэмэгдэл ял бүрэн биелж баталгаажсан байна.
  3. Хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар ангиас  нэмэгдэл ялтай болон, хохирол төлбөртэй 35 хоригдлын судалгаа, тэдгээртэй ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж  төлбөрөө төлөх талаар бүлгээр болон ганцаарчлан уулзаж ярилцан, төлбөртэй хоригдлын ар гэртэй холбоо тогтоон хамтран ажилласнаар нийт 5 хоригдлын гэм хорын төлбөр болох 8 559 000 төгрөгийг барагдуулан  хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай 1 хоригдлын 100 000 төгрөгийн ялыг биелүүлэн ажилласан байна.

“Хохирлоо барагдуулаад гэртээ харья” аяны хугацаанд нийт 34 ялтны 48 211 266 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны 5 988 400 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажиллажээ.

Scroll To Top